Баянгол дүүрэг 2013 онд хийж бүтээсэн ажлаараа шилдгийн шилдгийг шалгаруулах “Алтан дэлхий” ёслолын үйл ажиллагаанд нэр дэвшин оролцсон билээ.
Шилдгийг тодруулах энэхүү үйл ажиллагаа өнгөрсөн баасан гарагт буюу хоёрдугаар сарын 28-ны өдөр болсон бөгөөд нүдэнд харагдахуйц хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт болон олон нийтийн санал асуулгаар Баянгол дүүрэг “Шилдэг дүүрэг” номинацид шалгарч, алтан цомын эзэн боллоо.
Шагналыг Дүүргийн ИТХ-ын дарга Д.Дэлгэрбат гардан авсан бөгөөд тус үйл ажиллагаанд Засаг даргын орлогч Г.Энхболд, П.Цэцэгмаа болон Захиргаа хуулийн хэлтсийн дарга Л.Дэлгэрмаа, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга П.Ганбат, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга А.Ундрахбаяр нар оролцсон юм.
![]() |
![]() |
Улиран одож буй 2013 онд Баянгол дүүрэгт нийт 103.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж, зам харилцаагаа шинэчлэх, сургууль, цэцэрлэг өргөтгөх, гэрэлтүүлэг, ногоон байгууламжаа нэмэгдүүлэх зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажлыг хийж гүйцэтгэсэн.
Бид 2013 онд, Дүүргийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт Агаар цэвэр, Аюулгүй амгалан, Амины сууцтай, Ажилтай орлоготой, Авлигагүй дүүрэг гэсэн 5 дэд зорилт, 72 заалт бүхий 230 үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлж 90.1 хувийн гүйцэтгэлтэй биелүүллээ.
Цаашид ч энэ эрчээрээ ажиллан, дүүргийнхээ иргэдийн санал бодлыг сонсч, үйл ажиллагаандаа тусган, төрийн үйлчилгээг түмэнд ойртуулан, түргэн шуурхай үйлчилж ажиллах болно.