НИТХ-ын тэргүүлэгчдийн 07 дугаар тогтоолоор “Нийслэлийн худалдаа, үйлчилгээний нийтлэг журам”-ыг 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр шинэчлэн баталсан.
Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт өнөөдрийн байдлаар 28 цэгт хог хаягдлыг ялгах, хоёрдогч түүхий эдийг хүлээн авах үйл ажиллагаа эрхэлдэг иргэд, аж ахуйн нэгж байна.
Дээрх цэгүүд нь иргэдийн эрүүл аюулгүй орчинд ажиллаж, амьдрах, хотын өнгө үзэмж, тохижилт, нийтийн эзэмшлийн өмч, эд хөрөнгийг арчлан хамгаалах зэрэгт ихээхэн хүндрэл учруулдаг сөрөг нөлөөтэй байдаг.
Түүнчлэн хоёрдогч түүхий эд бэлтгэн нийтлүүлдэг хүмүүс нь ихэвчлэн орон гэргүй тэнэмэл иргэд байдаг бөгөөд тэд цэгүүдийн ойролцоо хоноглодог, архидан согтуурч ойр орчмын иргэд, хүүхэд багачуудыг айлгах, түүгээр ч зогсохгүй гэмт хэрэг гарах нөхцлийг бүрдүүлж байна.
Тиймээс дүүргийн иргэд дээрх цэгүүдийг нүүлгэн шилжүүлж өгөх хүсэлтийг дүүргийн Засаг даргын Тамгын газарт удаа дараа тавиад байгаа юм.
Дээрх шинэчлэн баталсан журам болон иргэдийн хүсэлтийн дагуу хоёрдугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо хоёрдогч түүхий эд хүлээн авдаг иргэд, аж ахуйн нэгжүүдийн эзэд болон “Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо”-ны Ерөнхийлөгч Д.Бямбасайхан нарыг хүлээн авч уулзан, санал бодлоо солилцлоо.
Энэ үеэр тэд тулгамдаж буй асуудал болон шийдвэрлэх арга замын талаар зөвлөлдсөн бөгөөд сургууль цэцэрлэгийн ойр орчимд байгаа цэгийг нүүлгэн шилжүүлэх, хоёрдогч түүхий эд авдаг цэгийг дахин нэмэхгүй байх, Баянгол дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс, Худалдаа үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтэс, “Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо”-ны хамтарсан хяналт шалгалтыг явуулах зэрэг асуудлыг дэмжиж хамтран ажиллахаар болов.
Үүний үндсэн дээр маргааш буюу хоёрдугаар сарын 13-нд Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо “Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо”-ны Ерөнхийлөгч Д.Бямбасайхан нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурахаар боллоо.