БАЯНГОЛ ДҮҮРЭГ "ЭКО СУРГАЛТЫН ТӨВ" -ТЭЙ БОЛОХ ЭХЛЭЛ ТАВИГДЛАА

Мэдээг хуваалцах

Баянгол дүүрэг ХБНГУ-ын Шонефелд дүүрэгтэй хамтын ажиллагаагаа эхлүүлээд 20 жил болж байна. Энэ хүрээнд хоёр тал хэд хэдэн томоохон ажил өрнүүлээд байгаа юм.
Тухайлбал, энэ өдөр /2018.08.07/ Баянгол-Агропаркт Шонефелд дүүргийн нэрэмжит "Эко сургалтын төв"-ийг нээж тус дүүрэг ногоон дүүрэг болох эхлэл тавигдлаа.
Уг төвийн нээлтэд УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, дүүргийн Засаг дарга С.Одонтуяа, Шонефелд дүүргийн Засаг дарга Удо Хаазе болон бусад албаны хүмүүс оролцов. 
Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах 50 га талбай бүхий уг төв хүүхэд, залуус, иргэдэд хүнсний ногоо, цэцэг, мод бут тарихад бүх төрлийн зөвлөгөө, тусламж өгч ажиллах юм.Одоогийн байдлаар уг талбайд 27 хүлэмж байгаа бөгөөд цаашид эрүүл хүнсээ ургуулах,мод бутны үрсэлгээ хийж сурах сургалтын бааз болгож хөгжүүлэх юм байна.
Ингэснээр иргэд цэвэр хөрсөнд өөрийн гараар хүссэн жимс, хүнсний ногоогоо тарих улмаар химийн бодисгүй, органик хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх боломжтой болж байна.
Хоёр дүүрэг цаашид хамтын ажиллагааныхаа хүрээнд Тэрэлжид байгуулж буй “Баянгол” зусланд хөрөнгө оруулалт, тохижилтын ажил хийж, хамтран ажиллахаар төлөвлөж байна. Дашрамд сонирхуулахад, Берлин хотын Шонефелд дүүрэгт 35100 кв талбай бүхий Баянгол дүүргийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн үйл ажиллагаа явуулдаг байна.