“ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДИЙН ХӨГЖЛИЙН ТӨВ”-ИЙН БАРИЛГЫН АЖЛЫН ЯВЦТАЙ БНХАУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД ТАНИЛЦЛАА

Мэдээг хуваалцах

Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт БНХАУ-ын буцалтгүй тусламжийн хүрээнд 30 сая ам.долларын хөрөнгөөр “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв”-ийн барих ажлыг 2016 оны 09 дүгээр сараас эхлүүлээд байгаа. 
Өчигдөр /2018.08.23/ тус төвийн ажлын үйл явцтай БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И танилцлаа. Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, БГД-ийн Засаг дарга С.Одонтуяа болон бусад албаны хүмүүс хүлээн авч барилгын явц, бүтцийн талаар танилцуулав. 


УИХ-ын гишүүн С.Эрдэнийн санаачлагаар баригдаж буй “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв”-ийн барилга нь 250 ортой, 14990м2 талбай бүхий нэгдсэн зоорьтой, төмөр бетон каркасан 3 давхар барилга юм. БНХАУ-ын санхүүжилтээр уг төвийн барилга байгууламж, техник тоног төхөөрөмж, боловсон хүчнийг цогц байдлаар шийдвэрлэх, Монгол Улсын талаас барилгын гадна шугам, сүлжээ /гадна дулаан хангамж, гадна цэвэр ус дамжуулах шугам, ариутгах татуургын шугам, бохир усны насос станц, гадна цахилгаан, гадна холбоо/-ний ажлыг хийж гүйцэтгэхээр төсөлд тусгасан байна. 
Барилгын ажлыг 2019 оны 02 дугаар сард хүлээлгэн өгөхөөр төлөвлөж байгаа аж.