БАЯНГОЛ ДҮҮРГИЙН НИЙГМИЙН АЖИЛТНУУД ЗӨВЛӨЛДЛӨӨ

Мэдээг хуваалцах

Баянгол дүүрэг “Нийгмийн ажилтнуудын анхдугаар зөвлөгөөн”-өө хийлээ. Нийгмийн ажилтан чухам ямар үүрэг, хариуцлага, оролцоотой болохыг иргэд төдийлөн мэддэггүй. Энэ ч утгаараа нийгмийн ажилтнуудтайгаа хамтран ажиллах, тулгамдаж буй асуудлаа ярилцах, эрхээ хамгаалуулж чаддаггүй гэж хэлж болно.

Нийгмийн ажилтан нь иргэдийн эрх зөрчигдөж буй эсэхийг хянах, хамгаалах, хөгжүүлэх үүрэг бүхий төрийн байгууллагын мэргэжилтэн юм. Нийгмийн хамгааллын бүтцийн хувьд нийгмийн ажилтан нь иргэдтэй хамгийн ойрхон нэгж байгууллага буюу сум, хороонуудад ажилладаг. Нийгмийн ажилтан нь хүмүүсийн хоорондын харилцааны асуудлыг шийдвэрлэх, эрүүл аюулгүй байдлыг ханган хамгаалах, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, тэдэнд чиглэсэн бодлого хөтөлбөрийг боловсруулахад оролцох иргэний нийгмийн байгууллага - иргэн хоёрыг холбогч гүүр юм.

Тиймээс Баянгол дүүрэг анх удаа харьяа, хэлтэс, албад, байгууллагуудынхаа удирдлага, нийгмийн нийт 350 гаруй ажилтнуудын зөвлөгөөнийг зохион байгууллаа.
Уг зөвлөгөөн дүүргийн иргэдэд эрүүл, таатай, амар тайван, аюулгүй амьдрах нийгмийн таатай орчныг бүрдүүлэхэд салбар хоорондын уялдаа, салбар салбарын нийгмийн ажилтнуудын санаачлага, манлайлал, нягт хамтын ажиллагаа, ур чадварыг дээшлүүлэх, улмаар нийгмийн ажлын цогц үйлчилгээг хөгжүүлэхэд бүтээлчээр оролцох хандлагыг идэвхжүүлэх зорилготой юм.
Зөвлөгөөнд УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, дүүргийн ИТХ-ын дарга Г.Энхболд, дүүргийн Засаг дарга С.Одонтуяа, Засаг даргын орлогч Г.Нарангэрэл болон ИТХ-ын төлөөлөгчид, Эрүүл мэнд, боловсрол, нийгмийн бодлогын Хурлын хорооны гишүүд, дүүргийн нар оролцов.
Зөвлөгөөний үеэр дүүргийн иргэдийн амьдрах таатай орчныг бүрдүүлэхэд чиглэсэн нийгмийн ажлын цогц үйлчилгээг хөгжүүлэхэд салбар салбарын нийгмийн ажилтнуудын оролцоог бодитоор тодорхойлох, хамтын ажиллагааны санал санаачлагууд, нийгмийн салбарын өнөөгийн байдал, хүн ам, гэр бүл, хүүхэд, залуучууд, ахмад настнуудад зориулсан хөгжлийн болон нийгэм сэтгэлзүйн үйлчилгээний хэрэгцээний талаарх судалгаа мэдээлэл, гэр бүл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, өрхийн эрсдэлт байдлыг бууруулахад салбар дундын уялдаа холбоог хангах нь зэрэг гол чухал сэдвүүдийн хүрээнд илтгэлүүд тавигдаж мэдээлэл солилцлоо.
Зөвлөгөөнд оролцсон эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр халамж болон хорооны хөгжлийн нийгмийн ажилтнууд, сургуулийн өмнөх боловсролын арга зүйч нар нэгдэн уриалга гаргасан ба дүүргээ “НИЙГМИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЖИШИГ ДҮҮРЭГ” болгох, “ НЭГ ИРГЭН - НЭГ АМЬ – НЭГ ХАМГААЛАЛ “ уриан дор нийгмийн ажлын цогц үйлчилгээг хөгжүүлэхэд хүн бүр манлайлан оролцохоо илэрхийллээ.