2018 ОНЫ “АЛТАН ЖАНРАЙСИГ” -ИЙН ЭЗЭД ТОДОРЛОО

Мэдээг хуваалцах

2018 он улиран одож, бид бүхэн өнгөрсөн онд хийж бүтээснээ, гаргасан ололт, амжилт бүхнээ дор бүрнээ үнэлэн ярилцаж, ирэх ондоо хийж хэрэгжүүлэх ажилаа төлөвлөж байна. Баянгол дүүрэг ч мөн адил 2018 оны төгсгөлд гаргасан амжилтаараа бахархан, шилдгүүдээ тодрууллаа. 
Өнгөрсөн оноос эхлэн эх орон,нийслэл, дүүргийнхээ хөгжил дэвшил, бүтээн байгуулалтад гар бие оролцон, нийгмийн хариуцлагаа ухамсарлан иргэдийнхээ хөгжлийг дэмжиж ажиллан онцгой гавьяа байгуулсан хувь, хүн байгууллагад Баянгол дүүргийн дээд шагнал болох “АЛТАН ЖАНРАЙСИГ” шагналыг 2 дахь жилдээ гардуулж байгаа билээ. 
Тэгвэл өнөөдөр /2018.12.21/ Баянгол дүүргийн дээд шагнал болох “Алтан Жанрайсиг” шагналын эзнээр 3 байгууллага өрсөлдсөнөөс “Дэлхийд өрсөлдөнө” уриатай “Тэсо” корпорац шалгарлаа. 
“Тэсо” корпораци нь хүнс, хүнсний бүтээгдэхүүн, барилга, байгууламж, уул уурхай, зам тээвэр, гадаад харилцаа, импорт, экспортын чиглэлээр амжилттай ажиллан салбар бүртээ манлайлан ажиллаж буй 14 компанийг үүсгэн байгуулж үйл ажиллагааныхаа цар хүрээг улам тэлсээр байна. 
Тус корпораци нь 1300 гаруй ажилтан албан хаагчидтай бөгөөд 25-35 насны залуу боловсон хүчин бүрдүүлж байна.
2018 онд “Тэсо” корпорацийн санаачлагаар хувийн хэвшлийн 27 компанитай хамтран, Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу Нөхөрлөлийн гудамжинд 1 тэрбум төгрөгийн санхүүжилттэй 1,9 км зам барих ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд санхүүжилтийн 50 хувь болох хагас тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг тус корпораци шийдвэрлэсэн байна. 
Энэхүү замаар өдөрт 500 орчим машин дамжин өнгөрдгөөс ихэнх нь хүнд даацын том оврын авто машин байдаг учраас замыг чанартай, стандартын дагуу барихад ихээхэн анхаарч ажилласан. 
Ингэснээр уг замаар зорчих тээврийн хэрэгслийн эд ангиудад эвдрэл гэмтэл үүсэх, замын ачаалал ихсэж даац хэтрэх, тухайн орчинд тоос шороо дэгдэх гэх мэт хүндрэлтэй асуудлуудыг давхар шийдэж чадсан билээ. 
“Тэсо” корпорацийн санаачилга, үлгэр жишээ байдал нь төрд болон нийгэмд нэгэн шинэ жишиг тогтоолоо. 
Харин төр захиргааны байгууллагын шилдэг ажилтанд олгодог "ЖАНРАЙСИГ" шагналын эзнээр "Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв"-ийн Хүүхдийн эмнэлгийн тасгийн даргаар ажиллаж байгаа Бумбаа овогтой Болормаа шалгарлаа. Тэрээр хүүхдийн их эмчээр улсад 24 жил ажилласан байна.