БАЯНГОЛ ДҮҮРЭГТ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ АШИГЛАЛТАД ОРЖ, НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

Мэдээг хуваалцах

Өнөөдөр /2019.01.24/ Баянгол дүүрэгт дахин нэг төв ашиглалтад орлоо. Уг төв нь Монгол Улсын хамгийн том, орчин үеийн, иж бүрэн хүчин чадал бүхий ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДИЙН СЭРГЭЭН ЗАСАХ юм.

БНХАУ-ын Засгийн газрын 30 сая ам.долларын буцалтгүй тусламжийн хөрөнгө оруулалтаар баригдсан энэхүү төв 14990 мянган метр квадраттай, 20 мянган метр квадрат газарт баригдсан байна.

Уг төвийг анх УИХ-ын гишүүн С.Эрдэнэ ХАХНХЯ-ны сайдаар ажиллаж байхдаа санаачлан улмаар 2016 онд барилгын ажил эхэлжээ. Баянгол дүүргийн засаг дарга С.Одонтуяа, “Манай Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт энэхүү том бүтээн байгуулалт бий болсонд Баянголчууд бид туйлын баяртай байна. 2015 оноос дүүргээс газар чөлөөлж, дэд бүтэцийн асуудлуудыг эрчимтэй шийдэж барилгын ажлыг саадгүй явуулах боломжоор бүрэн хангаж  ажилласан. Үүний үр дүнд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн төв цаг хугацаандаа ашиглалтад орлоо. Барилга ашиглалтад орсноор Монголын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд энд ирж эмчлүүлэх, сувилуулах, амрах зэрэг олон үйлчилгээг цогцоор нь авах боломжтой болж байгаа. Мөн энэ том бүтээн байгуулалтыг дагаж 20 дугаар хорооны зам талбай засагдаж, үйлчилгээний төвүүд шинээр бий болж иргэдийн амьдралын чанар сайжирна гэдэгт итгэлтэй байгаа” гэв.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан төвийн нээлтэд ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТГ-ЫН ДАРГА З.ЭНХБОЛД, УИХ-ын гишүүн С.ЭРДЭНЭ, ХАХНХЯ-ны сайд С.ЧИНЗОРИГ, БНХАУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД ШИН ХАЙ МИН,  Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Г.ЭНХБОЛД, дүүргийн Засаг дарга С.ОДОНТУЯА болон бусад албаны хүмүүс уригдан оролцов.

Энэхүү төв нь 250 ортой, өдөрт энэ хэмжээний өвчтөн хүлээн авах хүчин чадалтай, хүлээн авах тасаг, нөхөн сэргээлтийн тасаг, нөхөн сэргээлтийн сургалтын төв зэргээс бүрдсэн байна.

Төслийг БНХАУ-ын “Зун Юань Интернэшнл Инженеринг” компани гүйцэтгэсэн бөгөөд төслийн хугацаанд 120 монгол ажилтан тогтмол ажиллаж, ачаалал ихтэй үедээ энэ тоог 260 гаруй монгол ажилтан болгон нэмэгдүүлж ажилласан байна.