ТҮЦ-нээс хүүхдүүд хордсоор байх уу

Мэдээг хуваалцах

Хүнсний бүтээгдэхүүн өнөөдөр аюулгүй байдлын хэмжээнд хүрсэн. Нийслэл хотод нийт 1091 ТҮЦ ажиллаж байна. Эдгээр ТҮЦ-нүүдэд  чанарын шаардлага болон стандарт хангахгүй бүтээгдэхүүн зарагдсаар байгаа нь нууц биш.  ТҮЦ-д түргэн муудах хүнсний бүтээгдэхүүн, хаяг шошгогүй зүйл худалдаалахыг хориглоно гэж заасан байдаг. Тэр бүү хэл ууттай савлагаатай зүйлийг ширхэглэн зарах нь хууль бус гэнэ. Мөн Түц нь өөрөө стандаргүй ажил үйлчилгээнд ордог талаар мэргэжлийн хүн хэлж байсан. Стандартгүй үйлчилгээ Монголд байсаар байх уу.Энэ стандарт бус түцүүдээс  хүүхдүүд хордсоор. Мөн сургуулийн гадна талбайгаас 500 м зайд тамхи худалдаах цэг байх ёстой гэж тамхины тухай хуульд заасан байдаг ч  өнөөдөр бодит байдал өөр, бүүр сургуулийн үүдэнд тамхи ширхэглэн зарсаар. Энэ бүгдийг зохих албаны хүмүүс анхааралдаа авах цаг хэдийнэ болжээ. Саяхан гэхэд л 20-р сургуулийн гаднах талбайн түцнээс 10,50,100, төгрөгний чихэр авч идээд хүүхдүүд  хордсон асуудал үүссэн байна.

Ган зам 20-р сургуулийн 4б ангийн багш  Л. Баянжаргал   

-Танай сургуулийн гадна талбайд нийт хэчнээн ТҮЦ үйл ажиллагаагаа явуулж байсан бэ?

-Нийт таван түц яг сургуулийн үүдэнд явган хүний  болон, машины зам хаагаад байрлаж байсан.

- ТҮЦ-нүүд хэдэн оноос хойш энд байв?

-Би энэ суруульд багшлаад зургаан жил орчим болж байна. Намайг анх ирэхэд эдгээр түцнүүд байсан. Бараг 10 гаруй жил болсон гэсэн.

-Хүүхдүүд хичээлийн завсарлагаанаар эдгээр түцнүүдээс жижиглэнгийн бараа худалдаж авдаг, тэгээд бас хордож байсан тухай баримт хэр их байдаг юм бол?

-Мэдээж хүүхдүүд үйлчлүүлнэ. Ялангуяа бага ангийн сурагчид. Зарим нэг тохиолдолд хүүхдүүд 10 төгрөгний чавга, 50 төгрөгний чихэр, 100 төгрөгний цэлцэгнүүр авч идээд орой нь гэртээ хариад гэдэс өвдсөн тухай ярьж байсан тохиолдол олон байсан. Эцэг эхчүүд ч энэ талаар олон удаа гомдол гаргадаг.

-Ямар бүтээгдэхүүнүүд зардаг байсан юм бол?

-Хүүхдийн биед хортой, чанарын шаардлага хангаагүй, хугацаа нь дууссан Хятад улсын бараа бүтээгдэхүүнүүд ихээр зардаг байсан. Ихэвчлэн байгаа бүтээгдэхүүнийг нь харахаар жижиглэнгийн үнэ нь маш хямд бүтээгдэхүүнүүд зарж байгаа харагддаг. Тэр чавга чихэр чинь мэргэжлийн хяналтаас хорьсон зүйл шүү дээ. Гэтэл түцнүүд зарсаар л байдаг.

-Танай ангийн сурагчид өөрсдөө хүсэлт гаргаж суруулийн захиргаандаа хандсан гэж сонссон?

-Тийм. Хортой бүтээгдэхүүн зараад байна сургуулийн удирдлагууд үүнд арга хэмжээ авч өгөөч ээ гэж. Хүүхдүүд өөрсдөө ТҮЦ-ний хүнд энэ бүтээгдэхүүнийг хорьсон гэж зурагтаар ярьж байсан. Дотроос нь өт гарсан гэж хэлээд хүртэл загнуулаад ирж байсан тохиолдлууд бий. Уг асуудлыг сурагчид өөрсдөө хичээлээс гадуурх ажил болгож судлаад, тулгамдсан асуудал болгон хүсэлт гаргасан. Хүсэлт гаргахдаа өөрсдөө ТҮЦ-нд борлуулдаг чихэр, печень гэх мэт олон хүнсний бүтээгдэхүүнүүдийг зураг, үйлдвэрлэсэн он сар, бичиг зэргийг нь авч   хичээл болгож оруулсан. Энэ нь  бусад хүүхдүүдэдээ сургамж болгох үүднээс. Тэд асуудалд ингэж хандсан. Энэ хичээлдээ сургуулийн удирдлагууд, дүүргийн Засаг дарга болон холбогдох албаны хүмүүсийг урьж оролцуулж хүүхдүүд өөрсдөө санаачилгаараа бид эрүүл хүнс хэрэглэмээр байна гэж санаачилсан юм. Энэ асуудлыг нь удирдлагууд нь дээш уламжилснаар энэ асуудал үүсч ТҮЦ-нүүдийг буулгасан.

- ТҮЦ-нүүдийг хэзээнээс буулгаж эхэлсэн бэ?

-Засаг дарга С.Одонтуяа хүүхдүүдийн хүсэлтээр хичээлд суугаад маргааш нь зохих газруудад мэдэгдэж , арга хэмжээ авснаар эдгээр ТҮЦ-нүүд нүүсэн байгаа.

-Хэддүгээр ангийн сурагчид, нийт хэдэн хүүхэд санаачилсан бэ?

-Дөрөвдүгээр ангийн 47 хүүхэд санаачилсан. Эцэг эхчүүд бас энэ үйл ажиллагааг дэмжиж оролцсон.

-Гараас гарт дамжих ахуйн халдвар авах магадлал хэр байдаг юм бол?

-Зохих байгууллагууд нь бодвол ирж шалгадаг байсан байлгүй. Хүүхдүүдэд ахуйн шаардлагыг хангахгүй нүцгэн гараараа ширхгийн гаа, чавга зэргийг авч өгдөг байсан гэсэн. Мөн яг машины зам дээр, шороо тоосонд дарагдсан бохир орчинд үйл ажиллагаа явуулж байсан гэсэн үг.

-Яг ямар уриалга гаргасан бэ, хүүхдүүд?

-“Бидний ходоод хогийн сав биш” гэсэн уриалга гаргаж энд тэндгүй нааж бүүр самбар гаргасан.

-ТҮЦ-нүүдийг буулгаж байхад ямар нэг зөрчил гарсан болов уу?

-Бид хичээлтэй байсан. Хүүхдүүд цонхоор хараад бөөн баяр болж, багшаа бидний эхлүүлсэн ажил ингээд үр дүнд хүрч болдог юм байна шүү дээ гэж хөөрч хүлээж авсан. Тэгээд хүүхдүүд Засаг даргад баярласнаа илэрхийлсэн. Та нар тулгамдаж байгаа, хөндөх ёстой асуудлыг томчуудаас түрүүлж хөндөж гаргаж ирж байгаа нь чухал. Мундаг хүүхдүүд байна гээд ангиар нь Өргөө кино тетарт кино үзүүлэх эрхийн бичгээр шагнаж урамшуулсан. Энэ нь хүүхдүүдэд улам их зориг хүсэл тэмүүлэл бий болгосон гэж багш хүний хувьд харж байна.

-Эдгээр сурагчид бас өөр аян санаачилсан гэж сонссон?

-“Бидний сургууль хоггүй орчин” гэсэн дараагийн аянаа бид эхлүүлээд байна. Хүүхдүүдэд урам өгөөд байхаар их бүтээлч болдог юм байна.

 

3а ангийн сурагч Б.Анхилуун

-Юуны өмнө мундаг хүүхдүүдэд баяр хүргэе. ТҮЦ-нд ямар бүтээгдэхүүн зардаг байсан бэ?

-10 төгрөгний чавга, 50 төгрөгний бохь, чихэр, 100 төгрөгний цэлцэгнүүр гээд олон зүйлүүдийг зардаг байсан. Мөн ахлах ангийн ах нарт тамхи зардаг. Энэ бүх ТҮЦ-нүүд тамхи зардаг байсан. Сургуулийн орчинд тамхи зарах чинь болохгүй биз дээ, эгчээ. Тамхи татаж байгаа ах нарын уушги хордоно. Тамхины оронд нэгж зарж болно.

-ТҮЦ-нээс ямар бүтээгдэхүүн худалдаж авдаг байсан бэ?

-Хамгийн ихдээ 1000 төгрөгтэй ирээд л мөнгөө хүүхдүүдтэйгээ нийлж ТҮЦ-нээс юм авч идээд дуусгадаг байсан. Одоо бол хэзээ ч ТҮЦ-нээс юм авч идэхгүй. Би өөрөө их харшламтгай арьстай ээж аав тийм зүйл идэж болохгүй гэж их хэлдэг. Гэхдээ харахаар гоё харагдаад тэсэхгүй заримдаа авч иддэг байсан.

-ТҮЦ-нд зардаг байсан бүтээгдэхүүнийг хортой гэдгийг хаанаас мэдсэн юм?

-Уутнуудыг нь цуглуулж байгаад бүгдийг нь уншсан чинь тал зааавартай, хоорондоо үг үсэг нь зөрсөн бас хугацаа нь дууссан байсан. Тэгээд ээждээ хэлсэн. Ээж ТҮЦ-ний худалдагчид хэлсэн. Гэхдээ загнуулаад буцсан гэсэн.

-Ангийн хүүхдүүд өдөрт хэр их үйлчлүүлдэг байсан?

-Бид ихэвчлэн өдөрт 1000 төгрөгтэй ирдэг. Гуанзнаас 700 төгрөгт пиришки авч идчихээд үлдсэн мөнгөө ТҮЦ-нээс юм авч иддэг.

-Танай ангиас тухайлбал хордсон хүүхдүүд байгаа юу?

-Зөндөө байгаа. Гэхдээ хүүхдүүд зарим нь хэлдэггүй.  Магадгүй юунаас болж гэдэс нь өвдөж гүйлгэж байгаагаа мэддэггүй. Би 100 төгрөгний цэлцэгнүүр авч идээд орой нь толгой өвдөөд, гүйлгээд орноосоо босч чадаагүй. Хичээлдээ бас яваагүй.

-ТҮЦ байхгүй болсон ямар байна?

-Гоё байна. Муухай, хортой бүтээгдэхүүн авч идэхгүй. Гэхдээ мэдээж бүх ТҮЦ болгон муу зүйл зардаггүй байх л даа. Зарим нь сайхан сэтгэлтэй байж болно. Тийм хүмүүс муухай зүйл зарахгүй байх. Тиймээс бүх ТҮЦ бүх бараа нь хүүхдүүдийн эрүүл мэндийг бодсон, эрүүл хүнс зарж байгаарай гэж хүсч байна. Бидний ходоод хогийн сав биш шүү дээ. Би ядаж баталгаатай зүйл идмээр байна. Тэгэхгүй бол ээж аав загнана.

 

3а ангийн сурагч Э. Амин-Эрдэнэ

-ТҮЦ-нд муудсан бүтээгдэхүүн зардаг гэдгийг яаж мэдсэн юм?

-Манай сургууль дээр нэг судлаач ирж бидэнд аюулгүй хүнс гэж ямар бүтээгдэхүүн байдаг талаар зааж зөвлөгөө өгсөн. Тэгээд  мэдсэн. ТҮЦ-нд зарж байгаа бүтээгдэхүүн нь бидэнд ойлгогдохгүй, шошго байхгүй. Мөн өглөөгүүр эцэг эхчүүд хүүхдүүдээ хүргэж өгөхдөө машинтай ирдэг. Түгжрээ их үүсдэг байсан. Яагаад гэхээр ТҮЦ-нүүд зам дээр шахуу байдаг. Одоо ТҮЦ байхгүй болсон чинь машины зогсоолтой гоё болох байх. 100 төгрөгний чихэр авч идээд би орой нь бөөлжиж гүйлгээд орноосоо ч босч чадаагүй. Тэгээд ээжид хэлсэн чинь  шошгогүй, наранд хэт халсан зэрэг бүтээгдэхүүн битгий авч идэж бай гэсэн. Би мөнгө авч ирдэггүй. Мөнгө байхаар хүүхдүүдийг дагаад болохгүй зүйл авч идэх гээд байдаг. Үдийн цайндаа орчхоод л явдаг.