“Утаагүй Баянгол” хөтөлбөр бодитойгоор хэрэгжиж эхэллээ.

Мэдээг хуваалцах

Засгийн газрын тогтоолоор энэ оны тавдугаар сарын 15-наас эхлэн нийслэлд түүхий нүүрс оруулахыг хориглосон.  “Эрүүл чийрэг иргэнтэй Баянгол дүүрэг агаар, орчны бохирдлыг бууруулах ажил”-ын хүрээнд Газком ХХК-тай хамтарч ажиллалаа.  Японы Риннай брэндийн хийн халаагуур,  цогц системийг БГД-ийн 22-р хорооны иргэн н.Содномпилийнд төслөөр холбууллаа.  

БГД-ийн Засаг дарга С.Одонтуяагийн санаачилгаар иж бүрэн тоног төхөөрөмжийг иргэн 20 хувийг гаргаж үлдсэн хөрөнгийг БГД-ээс санхүүжүүлж байна. Энэхүү туршилтаар зардлын тооцоог нарийн гаргахын тулд “Монголбазалт”-ын чулуун хөвөнгөөр байшингаа стандартын дагуу дулаалсан айлыг сонгосон юм.  Хэрэв энэ төсөл цаашид амжилттай хэрэгжвэл иргэдийн утаагүй эрүүл орчинд амьдрах нөхцөл бүрдэх болно.

Энэхүү хийн халаалт, болон газан плитка нь хэрэглэгчийн хүссэн градусын дулаанд хүрснээр автоматаар унтарч асах юм. Түүнчлэн цагийн тохируулгыг тааруулснаар өглөө сэрэхэд гэр дулаахан байх, өдөр хүнгүй үед унтрах зэрэг ухаалаг системтэй юм. Хийн халаагуурын нэг сарын хэрэглээний зардал нь гэр хорооллын айлын нүүрсний болон цахилгааны сарын хэрэглээтэй үнэ дүйцэхүйц байна гэж мэргэжилтнүүд хэлж байна.   

Аюлгүй ажиллагааны тал дээр газаа дутуу нээж орхисон тохиолдолд 10  секундын дотор автоматаар унтрах, хэрэв гэрт ямар нэг хэмжээгээр хий алдагдаж, угаар нагар болсон тохиолдолд утааг гадагшлуулах агааржуулагчтай. Хэрэв тухайн айл бохир цэвэр усны системээ шийдсэн бол давхар халуун усыг нь бас шийдэх боломожтой. Зөвхөн гэр хорооллын айлууд гэлтгүй 50-500 мкв бүхий түүнээс дээш ч талбай бүхий албан байгууллагыг бүрэн халаах хүчин чадалтай юм. Тун удахгүй Газком ХХК нь үүрэн телефоны компанитай хамтарч ажилласнаар эрчим хүчний сарын зардал шиг утсанд нь газын хэрэглээний мэдээлэл нь очих юм байна.