БГД-ИЙН БОЛОВСРОЛ, ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ДАРГА НАРЫГ ХУУЛЬ БУСААР АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛСӨН ТАЛААР ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ ХИЙЛЭЭ.

Мэдээг хуваалцах

БГД-т улс төрийн зорилгоор  хууль бус томилгоонууд хийгдсэн явдал удаа дараа гарч байгаа талаар БГД-ийн Засаг дарга С.Одонтуяа, ЗД-ын орлогч дарга Г.Нарангэрэл, ИТХ-ын дэд дарга Б.Бурмаа, ИТХ-ын төлөөлөгч Н.Болдбаатар нар хэвлэлийн бага хурал хийлээ.

Улсын их баяр наадмын өмнөх өдөр Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга нь 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Б/34 дугаар тушаал гаргаж дүүргийн Засаг даргатай зөвшилцөж, мэдэгдэлгүйгээр Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Ө.Батжаргалыг албан тушаалаас чөлөөлж, хууль зөрчсөн.

Энэ нь Эрүүл мэндийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-Т “АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРЫН ДАРГА НЬ ТУХАЙН ШАТНЫ ЗАСАГ ДАРГАТАЙ ЗӨВШИЛЦӨЖ, ХАРЬЯА НЭГДСЭН ЭМНЭЛГЭЭС БУСАД ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛАГЫН ДАРГЫГ ХУУЛЬ ТОГТООМЖИД ЗААСНЫ ДАГУУ ТОМИЛЖ, ЧӨЛӨӨЛНӨ” заалтыг зөрчиж байна.

ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ ХУУЛЬД

31.1.Ажил олгогч нь энэ хуульд зааснаас бусад тохиолдолд ажилтнаас хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй ажил гүйцэтгэхийг шаардаж болохгүй.

40.1.Хөдөлмөрийн гэрээг дараахь үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно:

40.1.1.аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн;

40.1.2.ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон;

40.3.Ажил, албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно.

 40.5-АЖИЛ ОЛГОГЧ ЭНЭ ХУУЛИЙН 40.1.1, 40.1.2 -Т ЗААСАН ҮНДЭСЛЭЛЭЭР ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭГ ЦУЦЛАХ ТУХАЙГАА АЖИЛТАНД НЭГ САРЫН ӨМНӨ МЭДЭГДЭХ БӨГӨӨД АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГА, ТҮҮНИЙ САЛБАР, НЭГЖ ТАТАН БУУГДСАНЫ УЛМААС АЖИЛТНУУДЫГ БӨӨНӨӨР ХАЛАХ ТОХИОЛДОЛД АЖИЛТНЫ ТӨЛӨӨЛӨГЧДӨД 45 ХОНОГИЙН ӨМНӨ МЭДЭГДЭЖ, ЭНЭ ХУУЛЬД ЗААСНЫ ДАГУУ ХЭЛЭЛЦЭЭ ХИЙНЭ.  Гэсэн заалтуудыг мөн зөрчсөн байна.

Энэ талаар “НЭМГ нь ажил үйлсээрээ үргэлж тэргүүлж байдаг Ө.Батжаргалын ажлаас халсан нь дэндүү болчимгүй үйлдэл болсон" хэмээн ЭМ-ийн сайд Д.САРАНГЭРЭЛ хэвлэлд мэдэгдсэн байдаг.

Түүнчлэн Баянгол дүүрэг өнгөрсөн 5 жилийн хугацаанд том жижиг нийлсэн 14 эмнэлэг барьж ашиглалтанд оруулсан. Баянгол дүүргийн эрүүл мэндийн салбар нь ХҮҮХДИЙН ОРНЫ ТООГ 325, НАСАНД ХҮРЭГЧДИЙН ОРНЫ ТООГ 160, АХМАД НАСТНЫ ОРНЫ ТООГ 60 БОЛГОЖ, ӨДӨРТӨӨ 500-700 ХҮНД үйлчилж байна.

Хөнгөвчлөх, хими эмчилгээний тасаг нь жилдээ 1500 гаруй иргэнд үйлчилж, шинээр мэс заслын тасагтай боллоо. БГД-ийн эрүүл мэндийн төв “Эрүүл мэндийн элч”, “Эерэг хандлага” “Сүрьеэгийн эсрэг хамтдаа тэмцэцгээе” зэрэг 63 төсөл, хөтөлбөр, аян арга хэмжээг зохион байгуулж, 2018 онд Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудаас ажил үйлсээрээ шилдэгээр шалгарч ирсэн хөдөлмөрч хамт олон.  Эрүүл мэндийн салбарыг хууль бус томилгоогоор үйл ажиллагааг нь доголдуулахыг эсэргүүцэж байна.

Үүгээр зогсохгүй дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Л.Жаргалыг 07/16-ны өдөр ажлаас нь мөн л улс төржүүлж чөлөөлсөн. Гэтэл Төрийн албаны тухай хуулийн 39.1.15-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаал бууруулсан, төрийн албанаас чөлөөлсөн, халсантай холбоотой маргааныг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд тухайн ажлын байранд томилгоо хийхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж Б.Гэрэлгуаг Боловсролын хэлтсийн даргаар томилсон нь хууль зөрчсөн үйлдэл.

БГД-ийн боловсролын хэлтэс нь “Баянгол боловсрол 2020 хөтөлбөр”, “Эрүүл Баянгол” дүүрэг, “Хүүхдэд ээлтэй” хөтөлбөр, Эх орон-36 хөтөлбөр, “Эрүүл сургууль”, “Эрүүл цэцэрлэг” хөтөлбөр, “Өсвөрийн Скаут”,  “Аялагч багш-Аялагч хүүхэд, “Зөв мэндчилж сурцгаая” аян, “Эко сургууль, Ногоон цэцэрдлэг” аян Хүүхдээ сонсъё” аян зэрэг 100 гаруй аян, төслүүдийг санаачилж, хүүхдийн хувь хүний хөгжилд нь ихээхэн анхаарч ирсэн. Үндэсний аудитын газар, Нийслэлийн аудитын газраас Хэлтсийн санхүүгийн тайланд жил бүр “Зөрчилгүй” дүгнэлт авч ажилласан.

Баянгол дүүргийн Боловсролын хэлтэс нь олон шинэ ажил санаачилж,  хэрэгжүүлснээр дүүргийн сургуулиудын сурагчид ЭЕШ-ын оноогоороо улсдаа тэргүүлдэг болсон.

 Тиймээс Баянгол дүүрэгт улс төрийн зорилгоор хууль бус томилгоо хийх, дүүргийн эрүүл мэнд, боловсролын байгууллагуудын  хэвийн үйл ажиллагааг алдагдуулахыг эсэргүүцэж байна хэмээн мэдэгдлээ.