БГД-ийн Засаг дарга С.Одонтуяа 76-р байрны асуудлыг онцгой анхаарч газар дээр нь очиж шийдвэрлэлээ.

Мэдээг хуваалцах

Сүүлийн өдрүүдэд үргэлжлэн орсон борооны улмаас БГД-ийн 3-р хорооны 76-р байрны дээврээс их хэмжээний ус гоожиж,  дээд давхарын айлуудад хүндрэл учруулаад зогсохгүй, цахилгааны гэмтэл үүсгэжээ.

Дээврийг засварлахад СӨХ-д байгаа багахан хэмжээний мөнгө нь хүрэлцэхгүй байгаа тул БГД-ийн Засаг дарга С.Одонтуяа, 3-р хорооны Засаг дарга Ц.Энхчимэг, холбогдох мэргэжилтэн нар тус байран дээр очиж оршин суугчидтай хурал хийлээ. Энэхүү хурлаар төсөвт суулгасан болон СӨХ-д яг одоо засах санхүүгийн чадамжгүй тул өөр арга замыг хайж яаралтай арга хэмжээ авах талаар ярилцсан юм.

Хамгийн гол аюул дагуулаад байгаа зүйл нь цахилгааны гэмтэл үүссэн тул, цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан цаашид энэ хохирол улам нэмэгдэх, хүний амь нас ч эрсдэх магадлалтай хэмээн үзэж,  хандив тусламж, СӨХ-ийн төлбөрөө нэмэгдүүлэх, тооцоотой айлуудтай яаралтай тооцоо дуусгах, мөн урьдчилсан хэлбэрээр СӨХ-ийн мөнгийг өгөх зэрэг санаачлагууд гарч бүгд дэмжигдсэн юм. Тиймээс 2020 оны төсвийг хүлээхгүй дүүргийн Засаг дарга иргэдтэй хамтран 76-р байранд аюулгүйн арга хэмжээг даруй авахаар боллоо.