АВТО ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧИГЛЭЛЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БУЙ АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГА ИРГЭНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ТАВЬЖ АЖИЛЛАЛАА.

Мэдээг хуваалцах

Баянгол дүүргийн иргэдийн төлөөлөлгчдийн хурлаар дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй авто тээврийн хэрэгслийн угаалга, авто болон кузов засварын үйлчилгээ үзүүлж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох, хяналт шалгалт хийх зэрэг дүүргийн нутаг дэвсгэрт мөрдөх бодлогын баримт бичиг боловсруулан ажиллах тухай тогттоол гарсан.

Тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллахын тулд дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтэс, цагдаагийн нэг, хоёр дугаар хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Иргэдэд үйлчлэх төв болон бусад холбогдох хэлтэс алба, төлөөлөл бүхий байнгын ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.

Энэхүү ажлын хүрээнд байнгын ажлын хэсэг 23 хороодоор тойрч дээрх чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй иргэд аж ахуй нэгжүүдэд үзлэг, хяналт шалгалтыг тогтмол хийж байна.  

Шалгалтаар байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгүй, агааржуулалт, гэрэлтүүлгийн систем, галын аюулгүй байдлын багаж хэрэгслээр бүрэн хангагдаагүй, ажилчдын бие засах, амрах, хувцас солих газаргүй, автомашины зогсоол талбай хангалтгүй, байнгын цэвэрлэгээ, үйлчилгээ хийдэггүй зэрэг нийтлэг зөрчлүүд илэрлээ.

Илэрсэн зөрчлийн дагуу 3 авто засварын үйл ажиллагааг зогсоон, зөрчлийн тухай хуулийн дагуу торгууль ноогдуулан, 2 аж ахуйн нэгж, 3 иргэнд илэрсэн зөрчлөө арилгах тухай улсын байцаагчийн хугацаат албан шаардлага хүргүүлэн хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна.

Түүнчлэн дүүргийн нутаг дэвсгэрт дээрх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд үйлчлүүлэгчиддээ НӨАТ-ын баримт өгдөггүй зөрчлийг арилгуулахын тулд албан мэдэгдэл хүргүүллээ.