АЙМАГ, НИЙСЛЭЛ, ДҮҮРГИЙН ЦЭРГИЙН ШТАБЫН ДАРГА НАР БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ЦЭРГИЙН ШТАБЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

Мэдээг хуваалцах

Өнөөдөр 21 аймаг, Нийслэл, дүүргийн цэргийн штабын дарга нар Баянгол дүүргийн цэргийн штабын үйл ажиллагаатай танилцаж, туршлага солилцлоо.

Батлан хамгаалах яам цэргийн штабын дарга нарын цугларалтыг жил бүр зохион байгуулдаг бөгөөд энэ жил Баянгол дүүрэг, Өмнөговь аймагт зохион байгуулахаар төлөвлөжээ.

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр Батлан хамгаалахын сайдын аймаг, Нийслэлийн Засаг даргатай 2019 онд хамтран ажиллах гэрээний дагуу шалгаруулалтаар Баянгол дүүргийн Цэргийн штаб Нийслэлийн тэргүүний штабаар шалгарч улмаар туршлага, солилцох үйл ажиллагааг зохион байгуулж байна.

Уг үйл ажиллагаанд Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа оролцож тус дүүргээс зорилт тавин хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдээ танилцууллаа. Тэрээр Баянгол дүүрэг  жил бүр өсвөр болон бага насны хүүхдүүдэд цэрэг, эх оронч хүмүүжил олгох “Эх орон - 36” хөтөлбөрийг санаачлан ЕБС-ын сурагчдад “Эх орон–8,16,36” хөгжлийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа нь үр дүнгээ өгсөөр байгаа” гэдгийг онцоллоо.

Энэ үеэр аймаг, Нийслэлийн цэргийн штабын удирдлагууд Батлан хамгаалах бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилт, Цэргийн штабын офицеруудын мэдлэг, дадлага, чадварыг дээшлүүлэх, дайчилгааны сургалтыг төлөвлөлтийн дагуу үр дүнтэй хэрэгжүүлж орон нутгийн хамгаалалтын сургалтын тогтолцоог бүрдүүлэх асуудлуудыг боловсруулав.