КОРОНОВИРУСТАЙ ХОЛБООТОЙГООР БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ОНЦГОЙ КОМИС ХУРАЛДЛАА

Мэдээг хуваалцах

Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газраас БНХАУ-аас үүдэлтэй Коронавирустай холбоотойгоор онц шуурхай хуралыг зохион байгууллаа. Энэхүү хуралд дүүргийн удирдлагуудаас гадна цаг үеийн асуудлаар ХӨСҮТ-ийн дэд захирал, анагаах ухааны профессор Б.Цацралт-Од ирж мэдээлэл өглөө.

Албан ёсны мэдээгээр Короно вирус нь Монгол улсад орж ирээгүй төдийгүй энэ 7 хоногт 200 ширхэг оношлуурын апратыг Япон улаас оруулж ирэхээр болсон байна. Нийслэлийн онцгой комисын хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу төрийн хэлбэр үл харгалзан цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, их дээд сургууль, МСҮТ-ын үйл ажиллагааг гуравдугаар сарын 02-ны өдрийг хүртэл зогсоосон.

Түүнчлэн дүүргийн хэмжээнд 63 PC тоглоомын газрыг хааж, олон нийтийн хурал цуглаан сургалт, шашны байгууллагын үйл ажиллагааг зогсоож байна.

Үүнтэй холбоотойгоор БГД-ийн ЭМТ бүхий л хүчин чадлаа дайчлан ажиллаж, иргэдэд коронавирусээс урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгааг тогтмол хүргэж, хэвтэн эмчлүүлэгсдийн эргэлийн цагийг 07:00-10:00, 18:00-21:00 цаг болгож, 22:00-06-00 цагийн хооронд бүх хөдөлгөөнийг хязгаарласан байна.

Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа энэхүү онцгой нөхцөл байдалд хараа хяналтгүй, том хүнгүй үлдэж байгаа хүүхдүүдэд онцгой анхаарах, хорооны засаг дарга болон хэсгийн ахлагч нарт хөршийн холбоог сайжруулах, эргүүлийн цагдаа нарт сонор сэрэмжээ дээшлүүлэн ажиллахыг онцгойлон үүрэг болголоо.

Энэ төрлийн мэдээллийг зөвхөн албаны эх сурвалжаас, мэргэжлийн байгууллагаас авч, худал мэдээлэлд автахгүй байхыг тусгайлан анхаарууллаа.