БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ХОГ АНГИЛАН ЯЛГАХ САВ ҮР ДҮНГЭЭ ӨГЧ ЭХЭЛЛЭЭ

Мэдээг хуваалцах

Хүрээлэн буй орчныг бохирдуулагч олон хүчин зүйл байдгийн нэг нь хог хаягдал. Эргэн тойрондоо хоггүй, бохирдолгүй эрүүл орчин бүрдүүлэхэд хүн бүрийн оролцоо чухал байдгийг Баянгол дүүргийн зарим байрнаас харж болохоор байна. Тодруулбал, тус дүүргийн нэг, гуравдугаар хорооны зургаа болон 14 дүгээр байранд хогоо ялган хаях буюу хогийг эх үүсвэр дээр нь ангилан хаяж хэвшээд дөрвөн сар болжээ.

 Байрны давхар бүрт хогоо ялган хаях савыг байршуулсан бөгөөд шил, лааз, цаас, хуванцар, гялгар уут, крадонин цаас болон ахуйн хог хаягдлаар ялгах боломжтой болж. Зориулалтаар цаас, хуванцар, шилийг гурван тасалгаа бүхий хогийн саванд хаях бол ахуйн хогийг орон сууцны хогийн цэг буюу пункерт хаяна. Харин крадонин цаасыг хогийн цэгийн дэргэдэх тасалгаанд хийх ёстой юм байна. Нэг ёсондоо байрны оршин суугчид таван төрлийн хогийг ангилан хаядаг болжээ.  Биднийг очиход зургадугаар байрны тавдугаар давхрын хуванцар, гялгар уутны сав л дүүрэн хогтой байв.  

Нийслэлчүүдийн хаяж байгаа нийт хогны 80 хувь нь огт ангилагдахгүйгээр хогийн цэгт хүргэгдэж байна гэсэн судалгааг Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооноос гаргажээ. Хэрэв иргэд хогоо ангилаад сурчихвал нийт хог хаягдлын 85 хувийг дахин боловсруулах боломжтой бөгөөд одоогийн байдлаар хог хаягдлын 24 хувийг л дахин боловсруулж байгаа аж.

“Орон сууцанд хогоо ангилж хаядаг болсноор гэртээ уг хэвшлийг бий болгоод байна”

Сайн жишгийг орон сууцандаа хэрэгжүүлж буй байрны оршин суугчдын сэтгэгдлийг сонирхлоо.  

-н.Эрдэнэбат “Өмнө нь ил задгай хаясан хогийн үйлчлэгч нар л цэвэрлэдэг байсан. Харин манай байр ангилж, ялгаж хаядаг хогийн савтай болсноор хэд хэдэн дэвшил гараад байна. Мэдээж байрны иргэд соёлтой болж, хог бөөгнөрөх, муухай үнэр гарах гэх мэт бухимдал төрүүлэх зүйлс байхгүй боллоо. Харин манай гэр бүлийн хувьд гэртээ хогоо ангилж байгаад хогийн савандаа хийчихдэг болсон учир хүүхдүүдэд маань ч сурсан мэдсэнээ хэрэгжүүлээд зогсохгүй, хэвшил болгож байгаад баяртай байгаа” гэв.

-12 настай оршин суугч “Ер нь ялгаж хаядаг болсноос хойш орц цэвэрхэн байх болсон  Гэхдээ заримдаа хог нь дүүрчихсэн үед яаж хаяхаа мэддэггүй. Байрандаа ялган хаядаг хогийн савтай болчихсон болохоор гэртээ бас ангилдаг болсон” гэлээ

Н.Цэрэннадмид “Манай байрныхан хогоо ялгаж хаяж сураад байгаа шүү. Өмнө нь хог хөглөрч, муухай үнэр гарч, орон гэргүй хүмүүс орцонд ирж, хог ухаж, бие засчихдаг байсан юм. Харин энэ хогийн савыг байршуулснаас хойш камер болон гэрэл тавьсан нь элдэв асуудлыг байхгүй болгосон. СӨХ хогоо ялгахгүй байгаа иргэдэд анхааруулж, сануулга өгдөг болохоор хариуцлагатай болгож байгаа юм л даа” хэмээв. 

Хогийг булах, шатаах гэсэн хоёр л аргаар устгадаг байна. Шатааснаар агаарт хорт хий ялгарч, булснаар газарт хөрсний бохирдол үүсгэнэ. Энэ нь агаар, хөрсний бохирдол үүсгэх бөгөөд уг шалтгаанаас болж гэдэсний халдварт өвчин, сүрьеэ, боом, татран зэрэг өвчний эх үүсвэрийг бий болгодог. Харин ангилж хаявал шатаах, булах хогийн хэмжээ буурдаг юм.

itoim.mn