БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА С.ОДОНТУЯА БГДЭМТ-ИЙН ЭМЧ АЖИЛЧДЫН ГОМДЛЫН ДАГУУ АЖЛЫН ХЭСЭГ ГАРГАЖ АЖИЛЛАЖ БАЙНА

Мэдээг хуваалцах

Сүүлийн үед МАН-аас томилогдсон Баянгол дүүргийн ЭМТ-ийн дарга З.Балдандугар нь эмч ажилчдыг дарамталж, цалин урамшууллыг хасаж, ажлаас нь хууль бусаар халсан тухай мэдээлэл цахим орчинд тархаад байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа ажлын хэсэг гаргаж дүүргийн Хүүхдийн эмнэлэгт ажиллалаа.

Энэ үеэр эмч ажилчид бодит байдлыг танилцуулж, удирдах албан тушаалын ажлын орон тоонд илүү хүнийг авч байгаа учраас эмч ажилчдын цалинг хасах, урамшууллыг нь олгохгүй байх, цалингаас нь хасч байгаа тухай ярьж байсан юм. Түүнчлэн хүүхдийн эмнэлэгийн ахлах сувилагчийг ажлаас нь халсан өрх толгойлсон сувилагчийн бүтэн жилийн үр дүнгийн урамшууллыг хассан тухай мэдээллээ. Одоогийн байдлаар арав гаруй ажилчид шүүхэд гомдол гарган заргалдаж байна.

2019 оны 7 сард З.Балдандугар БГДЭМТ-ийн даргаар ирснээсээ хойш нилээдгүй хүнийг ажлаас нь халж, олон дара нарыг нэмж авснаар тодорхойгүй байдлыг үүсгэж БГДЭМТ-ийн үйл ажиллагааг доголдуулсаар байна. Түүнчлэн тэрээр эмч ажилчдаа ажлаас нь хална гэж сүрдүүлж хэл амаар доромжилдог тухай гомдол ч гарч байлаа.

Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа “COVID-19 халдварт өвчний үед эрүүл мэндийн салбарын ажилчдад ихээхэн ачаалалтай, хүндрэлтэй байгаа. Ийм байхад эмнэлгийн эмч ажилчдыг ажлаас нь халах, цалин урамшууллыг олгохгүй байх, эрүүл мэндийн салбарын улс төржүүлж байгаа нь огтхон ч байж боломгүй асуудал. Бид эмч нараа хамгаалах ёстой. Тиймээс яаралтай ажлын хэсэг гаргаж ажиллаж, энэ асуудлыг шийдвэрлэх болно” хэмээн мэдэгдсэн юм.