“Цэвэр агаар-Цэлмэг тэнгэр” аяны хүрээнд халаалтын эко бүтээгдэхүүнийг иргэдэд хүргэнэ

Мэдээг хуваалцах

   Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, улс орнуудын агаарын бохирдлыг бууруулахын тулд төрийн болон ТББ, иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх, уялдаа холбоог сайжруулах, эрчим хүчний хэмнэлттэй бараа бүтээгдэхүүнийг сурталчлах, таниулах зорилгоор НҮБ-ын санаачлагаар  “Цэвэр агаар-Цэлмэг тэнгэр” олон улсын уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг өдрийг жил бүрийн есдүгээр сарын 07-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг.

Энэ хүрээнд Баянгол дүүргийн ЗДТГ-т “Цэвэр агаар-Цэлмэг тэнгэр” сарын аяны нээлт боллоо. Аяны хүрээнд Баянгол дүүргийн иргэдэд цахилгаан болон хийн халаагуур, дулаалгын материал, шалны халаалт, дулаан баригч зэрэг эрчим хүчний хэмнэлттэй бараа бүтээгдэхүүнийг Хас, Хаан, Төрийн банкны ногоон зээлийн үйлчилгээгээр дамжуулан  иргэдэд борлуулах юм. Тус аян 2020 оны есдүгээр сарын 07-оос аравдугаар сарын 07-ныг хүртэл нэг сарын хугацаанд үргэлжилнэ.

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолын хүрээнд 2019-2020 оны халаалтын улиралд 178 хоног өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллаж,  Баянгол дүүргийн иргэдийг сайжруулсан түлшээр хангаж, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлсэн. Баянгол дүүрэг нь 25 хороотой бөгөөд үүнээс найман хороо нь гэр хорооллын бүсэд хамаардаг. Тиймээс ч энэ онд  “Таван толгой түлш”  ХХК-тай хамтран гэр хорооллын бүсэд сайжруулсан түлш жижиглэн борлуулах 50-60 цэг, 1-2 хангамжийн бааз нээн ажиллуулж,  айл өрхийг түлшээр хангахаар ажиллаж байна.