ХОРТ ХАВДАРТАЙ ӨВЧТӨНИЙ АР ГЭРИЙНХЭНД ЗОРИУЛСАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Мэдээг хуваалцах

Монгол Улсад хавдрын өвчлөл ихэссэнтэй  холбогдуулан МҮИС, БНСУ-ын Чусонь их сургуультай хамтран хэрэгжүүлж буй “Тэргүүлэх их сургууль бэлтгэх олон улсын хамтын ажиллагааны төсөл”-ийн хүрээнд БГД-ийн ЗДТГ-тай хамтран “Эцсийн шатандаа орсон хорт хавдартай өвчтөнд асаргаа сувилгаа хийх” тухай өвчтөний ар гэрийнхэнд зориулсан семинарыг зохион байгууллаа. Сургалтын хүрээнд асаргаа сувилгаа хийх, өвчтөн болон тэдний ар гэрийнхний сэтгэлзүйн стрессийг шийдвэрлэх зэрэг асуудлын хүрээнд ярилцсан юм. Түүнчлэн  хорт хавдартай өвчтөний хооллолт бөгөөд эрүүл ахуй, хавдраас урьдчилан сэргийлэх тухай зэрэг олон сэдвийн хүрээнд  зөвлөгөө,  мэдээлэл хүргэлээ. Тус арга хэмжээг Баянгол дүүргийн дөрвөн хорооны 22 ӨЭМТ (өрхийн эрүүл мэндийн төв) иргэний танхимд хоёр өдрийн турш зохион байгуулсан юм.

Ахмад настан В.Боролдой: Анх удаа энэ төрлийн  сургалтанд хамрагдлаа

/БГД-ийн иргэн/

-Өмнө нь хавдраар өвчилсөн хүмүүсийн ар гэрийнхэнд зориулсан сургалт болж байгаагүй. Хавдраар өвчилсөн өвчтөний гэр бүлийнхэнд  маш хэрэгтэй мэдээлэл өгч чадсан үнэхээр үр дүнтэй сургалт боллоо. Зөвхөн сургалтаар зогсохгүй бидэнд хэрэгтэй зөвлөгөө, мэдээлэл багтаасан гарын авлага бэлэглэсэнд баяртай байна.

Б.Болорчимэг:  Ирэх арваннэгдүгээр сард хүүхдийн шүдний урдчилан сэргийлэх үзлэг зохион байгуулна

/МҮИС-ын сувилахуйн тэнхимийн эрхлэгч/

-Хорт хавдрын эцсийн шатандаа орсон өвчтөний хувьд ар гэрийн асаргаа сувилгаа туйлын чухал. Тиймээс энэ удаагийн сайн үйлсийн аяны хүрээнд хорт хавдартай өвчтөнд асаргаа, сувилгаа хийж байгаа иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгож, сувилагч өвчтөнийг яаж асардаг талаарх мэдээллийг өгөхөөр тус семинарыг зохион байгууллаа. Мөн МҮИС, БНСУ-ын Чусонь их сургуультай хамтран хэрэгжүүлж буй “Тэргүүлэх Их Сургууль Бэлтгэх Олон Улсын Хамтын ажиллагааны Төслийн хүрээнд бэлтгэсэн “Хавдартай өвчтөний сувилахуй” гарын авлагаа семинарт оролцсон бүх хүмүүстээ бэлэглэсэн. Бид энэ төслийнхөө хүрээнд ирэх арваннэгдүгээр  сард бага насны хүүхдүүдийн шүдний урьдчилан сэргийлэх үзлэгийг  зохион байгуулахаар  төлөвлөөд  байна.