“Цэвэр гар-зөв хэвшил” аян эхэллээ

Мэдээг хуваалцах

Баянгол дүүргийн ЗДТГ-ын санаачлагаар зохион байгуулж буй “Цэвэр гар-зөв хэвшил” аяны нээлт өнөөдөр /2020.09.29/ боллоо. Тус аяны хамтран зохион байгуулагчаар “ТЕК КРАФТ” ХХК-ийн “ONE STEP” брэнд, дэмжигч байгууллагаар “Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний холбоо” ажиллаж байгаа юм. Аян 2020 оны есдүгээр сарын 29-өөс арваннэгдүгээр сарын 29-нийг хүртэл үргэлжлэх бөгөөд цар тахлын үед гарын оролцоогүйгээр халдвараас сэргийлэх, ариутгах зөв дадал, хэвшилд иргэдийг уриалж байгаагаараа онцлог. Аяны нээлтийн үеэр Баянгол дүүргийн ЗДТГ-ын зүгээс 100 хувь дотооддоо үйлдвэрлэсэн, инноваци шингэсэн үндэсний үйлдвэрлэл болох “ONE STEP” брэндийг дэмжих, иргэдийн ахуй амьдрал, хэрэглээнд зөв хэвшлийг нэвтрүүлэх зорилгоор энэхүү аяныг санаачлан зохион байгуулж байгаагаа онцолсон юм.

“ТЕК КРАФТ” ХХК-ийн “ONE STEP” брэндийн бүтээлч залуус гарын оролцоогүйгээр ариутгах боломжтой төхөөрөмж зохион бүтээсэн бөгөөд одоогоор 200 гаруй байгууллага, аж ахуй нэгж тэдний бүтээлийг ашиглаж байна. Аяны хүрээнд “Гараа тосоод гишгэ” гэсэн бичиг бүхий тус төхөөрөмжийг Баянгол дүүргийн 25 хороонд байрлуулна. Хүний биеийн нийт бохирдлын 95 хувь, халдварт өвчин үүсгэгч нян бактерийн 90 хувь нь бохир гарт хадгалагдаж байдаг аж. Тиймээс ч гарын оролцоогүйгээр ариутгах боломжтой энэхүү төхөөрөмж нь цаг үеэ олсон технологийн шилдэг шийдэл болохыг ““Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний холбоо”-ны зүгээс онцолсон юм.

Дашрамд дурдахад, “Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний холбоо” байгуулагдсаны 30 жилийн ой энэ онд тохиож байгаа бөгөөд энэ хүрээнд “ЦАХИМ ЦОМ” аяныг зохион байгуулж байгаа юм. Энэхүү аян Баянгол дүүргийн нутгийн удирдлага, төрийн болон хувийн хэвшлийн аж ахуй нэгж, бизнесийн байгууллагуудын үйл ажиллагааг дэмжиж, хэрэглэгчийн сэтгэл ханамж, хэрэглэгчдийн эрх ашгийг эрхэмлэн инноваци, шинэ техник технологи нэвтрүүлэхэд чиглэнэ.