Жендэрийн үндэсний хороо "Хөдөлмөрийн тухай хууль"-ийн шинэчилсэн найруулгын төсөлд санал хүргүүлэв

Мэдээг хуваалцах

      Жендэрийн үндэсний хороо, жендэрийн үндэсний шинжээчдийн бүлэгтэй хамтран Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндсэн зарчим, бодлогыг нийцүүлэх саналыг боловсруулан хүргүүлжээ.

Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд зааснаар төрийн хариуцлагын зарчимд Төр эрэгтэй, эмэгтэй хүний эрх тэгш байдлыг хангах талаар Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээ, бусад хууль тогтоомжоор ногдуулсан үүргээ биелүүлэх, түүний үр дүнгийн төлөө хариуцлага хүлээх үүрэгтэй.

Мөн сүүлийн жилүүдэд хөдөлмөрийн зах зээл дэх эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн оролцооны түвшин дэх ялгаа ихсэж, хөдөлмөрийн зах зээлд эмэгтэйчүүдийн эзлэх хувь тасралтгүй буурч байна.

  • Гэр бүлтэй эмэгтэй ажиллах хүчнийг хөдөлмөрийн зах зээлд эргүүлэн татаж,
  • хөдөлмөр эрхлэлтийг дэмжих,
  • үүний тулд ажлын байрны баталгаатай байдал, ажил-ар гэрийн тэнцвэртэй байдлыг хадгалах,
  • улмаар  ажлын байран дахь дарамт, ялгаварлан гадуурхалтыг хориглох зэрэгт онцгой анхаарах шаардлага үүсээд буйг сүүлийн үеийн судалгаа, шинжилгээ харуулж байна.

Дүгнэвэл, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдэд Жендэрийн Үндэсний Хорооноос хөдөлмөр эрхлэлтийн харилцааны суурь хэм хэмжээнд хөдөлмөр эрхлэлтийн орчны өнөөгийн байдал, олон улсын хэм хэмжээ, тэгш эрхийн чиг хандлагад нийцсэн хөдөлмөрийн харилцааны зарчмуудыг тусгаж нийцүүлэх хэрэгцээ шаардлага үүсээд байна.

Иймд хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад Жендэрийн Үндэсний Хорооны Ажлын албанаас дараах тодорхой зарчмын шинжтэй саналуудыг хүчин чармайлтаа нэгтгэн ажиллаж буй УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлгийн дарга болон эмэгтэй гишүүдэд хүргүүлж ажиллаа.

Нэгдүгээрт, Ажилтан ба ажил олгогч болон тэдгээрийн төлөөлөгчдийн хоорондын хөдөлмөрийн харилцааны зохистой тэнцвэрт байдал, ажлын байранд аливаа ялгаварлан гадуурхалт, дарамтаас ангид, эмэгтэй, эрэгтэй хүний тэгш эрх, адил оролцоо, хөгжлийн үр шим, нийгмийн баялгаас тэгш хүртэх нөхцөлийг хангах, хууль, хүнлэг ёс, шударга ёсыг дээдэлсэн харилцааны таатай орчныг дэмжихэд оршино гэж өөрчлөн томьёолох. 

Мөн “Ажил-ар гэрийн амьдралын тэнцвэрт байдлыг хангах”, энэ хүрээнд эмэгтэй, эрэгтэй ажилтны гэр бүлдээ хүлээх үүрэг, хариуцлага, эмэгтэйчүүдийг албан тушаал дэвшихэд саад болж буй хүчин зүйлс, эсвэл бага цалин хөлстэй ажилд ороход хүргэж буй шалтгаан, эрэгтэйчүүдийн хувьд гэр бүлдээ оруулах хувь нэмэр, чадавхыг хязгаарлах, эрүүл мэндтэй холбоотой эрсдэлийг бий болгож буй хүчин зүйлсийг илрүүлэн бодлого төлөвлөлтөд харгалзан тусгах. Эрэгтэй, эмэгтэй хүний нийгэм, гэр бүлийн харилцаанд үүссэн тэгш бус байдлыг арилгах, нөхөн үржихүйн эрүүл мэндийг хамгаалахад чиглэсэн ажил мэргэжил, хөдөлмөрийн харилцаан дахь тусгай арга хэмжээг ялгаварлан гадуурхалт гэж үзэхгүй талаар Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан тусгай арга хэмжээгээр зохицуулахаар тус тус санал орууллаа.

Түүнчлэн, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд заасан гэр бүлийн харилцаан дахь жендэрийн эрх тэгш байдлыг баталгааг хангах талаар “эх, эцэг хүүхдэдээ нийгмийн үүрэг, хариуцлага, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, хамтын эрх тэгш оролцоо”-г хангах зорилгыг дэмжиж хүн амын зарим бүлгийн ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг зохицуулах хэм хэмжээнд дараах зарчмын саналыг боловсруулаад байна.

Үүнд:  Ажил олгогч аж ахуйн нэгж, байгууллага нь татан буугдсанаас бусад  тохиолдолд жирэмсэн эмэгтэй, гурван нас хүрээгүй хүүхэдтэй эх болон эцэг /ганц бие эцэг, эх/  хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглохоос гадна зөвхөн гурван нас хүрээгүй хүүхэдтэй эхээс гадна эцгийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг харгалзан үзэх шаардлага бий болоод байна. Тухайлбал эхнэр нь ажил эрхлээгүй ч бага насны хүүхдүүд, асаргаа сувилгаа шаардлагатай эцэг, эхээ асардаг, тэжээдэг өрхийн эцгийн онцлог хэрэгцээг мөн адил харах үүднээс эцгийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг зохицуулах мөн шөнийн болон илүү цагаар, албан томилолтоор ажиллуулахыг хязгаарлах талаар жирэмсэн эмэгтэй, найман нас хүрээгүй хүүхэдтэй эцэг, эх 16 хүртэлх насны /хүүхэдтэй ганц бие эх, эцгийг/ өөрөө зөвшөөрөөгүй тохиолдолд шөнийн буюу илүү цагаар, түүнчлэн албан томилолтоор ажиллуулахыг хориглосон.

Хоёрдугаарт, Монгол Улс нь Тэгш шан хөлс олгох тухай НҮБ-ын 100-р Конвенц (1969)-д нэгдэн орсон орны нэг бөгөөд Хөдөлмөрийн тухай Монгол Улсын хууль, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд адил хөдөлмөр эрхэлж байгаа эрэгтэй, эмэгтэй ажилтанд адил хэмжээний цалин хөлс тогтооно хэмээн тусгагдсан байдаг. Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас адил (ижил) үнэ цэнэ бүхий өөр төрлийн ажил хийсэн хүмүүсийн хөдөлмөрийг адил тэгш үнэлэх тухай конвенцийн зарчимд нийцүүлэхийг зөвлөдөг. Иймээс эрэгтэй, эмэгтэй ажилтны цалин хөлсний хэмжээ адил байх өөрөөр хэлбэл адил хөдөлмөр буюу адил чанарын ажил эрхэлж байгаа эрэгтэй, эмэгтэй ажилтанд адил тэгш цалин хөлс олгох талаар нэмж оруулах нь зүйтэй гэж үзэж байна.

Гуравдугаарт, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 11.4-т зааснаар Ажлын байранд бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх, гарсан гомдлыг барагдуулах хэм хэмжээг тусгуулахаар заасан байдаг. Энэ хүрээнд хөдөлмөрийн дотоод журамд ажил эрхлэлт, ажлын байранд жендэрийн ялгаварлан гадуурхалт, бэлгийн болон бусад дарамт үзүүлэх үйлдэл, эс үйлдэхүйг хориглосон болон жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаарх ажил олгогч, ажилтны эрх, үүрэг, хариуцлагын талаарх зохицуулалтыг Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд тодорхойлсонтой нийцүүлж тусгах зэрэг хуулийн зохицуулалтыг тусгах шаардлагатай.

ЭХ СУРВАЛЖ: Жендэрийн үндэсний хороо