Өчигдөр /2020.01.21/ БГД-ийн Засаг даргын Тамгын газарт БШУЯ, БОАЖЯ болон Швейцарийн хөгжлийн агентлагийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй “Тогтвортой хөгжлийн боловсрол-2” төслийг хэрэгжүүлэгч байгууллага “Байгаль орчин мэдээлэл сургалтын төв” НҮТББ-ын төлөөлөлтэй төслийн хүрээнд уулзалт зохион байгууллаа.
Уулзалтад дүүргийн Засаг дарга Ө.Сумьяабаатар, Баянгол дүүргийн Төслийн Техникийн зөвлөн зохицуулах багийн ахлагч, Засаг даргын орлогч Д.Жаргалсүрэн, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Мөнхзаяа болон “Байгаль орчин мэдээлэл сургалтын төв” НҮТББ-ын гүйцэтгэх захирал Э.Шинэцэцэг, төслийн хүрээнд сонгогдсон сургуулиудын захиралууд оролцсон.
Энэ үеэр дүүргийн Засаг дарга төслийг дэмжиж, орон нутгийн түвшинд төсөлд хамрагдаж байгаа сургуулиудаас хамтран ажиллах саналыг хүлээн авч шийдвэрлэн ажиллахаа илэрхийллээ.
“Тогтвортой хөгжлийн боловсрол-2” төсөл нь 2020-2022 оны хугацаанд хэрэгжих агаад улсын хэмжээнд 6 аймаг, нийслэлийн 2 дүүргийн нийт 30 сургууль “Сургууль бүхлээрээ ажиллах арга хандлага”-ыг төлөвшүүлэн, тогтвортой хөгжлийн төлөөх загвар сургууль болох зорилт тавин ажиллаж байгаа юм.
Төслийн хүрээнд Баянгол дүүргээс Олон улсын хөтөлбөрт сургалттай ерөнхий боловсролын “Шинэ эхлэл сургууль”, Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори “Эрдмийн өргөө” цогцолбор сургууль болон “28 дугаар лаборатори сургууль”-иуд сонгогдон ажиллаж байна.
Мөн энэ үеэр дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Нарангэрэл, “Байгаль орчин мэдээлэл сургалтын төв” НҮТББ-ын гүйцэтгэх захирал Э.Шинэцэцэг болон Олон улсын хөтөлбөрт сургалттай ерөнхий боловсролын “Шинэ эхлэл” сургуулийн захирал Н.Оюунгэрэл, Нийслэлийн ерөнхий боловсролын 28 дугаар сургуулийн захирал Л.Отгонсүрэн нар 2021-2022 онд хамтран ажиллах тухай Олон талт хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.
Түүнчлэн талууд Баянгол дүүргээс хэрэгжүүлж байгаа “Чадварлаг багш-Баянгол”, “Цахим сургууль-Баянгол” хөтөлбөр арга хэмжээнд хамтран ажиллах боломжтойгоо илэрхийлсэн юм.