Өнөөдөр Баянгол дүүргийн Засаг дарга, Эрүүл мэндийн төвийн дарга, Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга нар үйл ажиллагааны гүйцэтгэлийн гурван талт гэрээ байгууллаа.
Ёслолын ажиллагаанд дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, Засаг даргын орлогч Д.Жаргалсүрэн /Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан төслийн удирдагч/, Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга C.Мөнхзаяа болон Өрхийн эрүүл мэндийн төвийн удирдлагууд оролцсон.
Энэ үеэр Засаг дарга Ө.Сумъяабаатар: "Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн үйл ажиллагаа төлөвшиж, иргэдэд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг хүргэх төрийн ачаанаас үүрэлцэн, үйлчилгээний чанарт дэвшил гарган ажиллаж байгаад итгэлтэй байна. Дүүргийн 25 хорооны 220 гаруй мянган иргэддээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хэрхэн хүргэж буйг үнэлж дүгнэснээр өнөөдөр бид гүйцэтгэлийн гэрээгээ шинэчлэн байгуулж байна. Хойшид гэрээний заалт бүрээр үйл ажиллагаагаа төгөлдөржүүлж, эмнэлгийн тусламж үйлчилгээ, чанар хүртээмж тасралтгүй сайжран, иргэдийн үнэлэмж, сэтгэл ханамж өнөөгийн түвшнээс хэрхэн дээшилснийг харгалзан гэрээг үнэлж, дүгнэх болно.
Энэ гэрээ бол гурван талын итгэл, хариуцлага, хүндэтгэл юм.
Дүүргийн Засаг даргаар томилогдсоноос хойшхи дөрвөн сарын хугацаанд Коронавуруст халдварын эсрэг Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв, ӨЭМТ-ийн эмч мэргэжилтнүүд онцгой нөхцөлд ажиллан, чамгүй олон сорилтуудын ард амжилттай гарч байна. Энэ бүхний цаадах та бүхний нөр их хөдөлмөрийг хүндэтгэж, талархал илэрхийлье. Хойшид бид зөв санал санаачилгыг боломжит бүх хэлбэрээр дэмжин ажиллах болно” гэв.
ЭМТ-ийн дарга З.Балдандугар: “Эрүүл мэндийн тухай хууль, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуульд заасны дагуу эрүүл мэндийн анхан шатны байгууллага чанар, хүртээмжтэй, эрсдэлгүй ажилласнаар иргэдийн эрүүл мэндийн асуудлууд шийдэгддэг. Анхан шатны тусламж үйлчилгээг өргөжүүлэх, хөгжүүлэх, бэхжүүлэх чиглэлд “Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого” боловсруулагдсан. Мөн дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан эрүүл мэндийн байгууллагын чанар хүртээмжийн асуудлуудыг та бид гурвалсан гэрээгээгээр шинэ түвшинд хүргэх хамтын зорилт тавьж байна” хэмээн онцолсон юм.
Засаг даргын орлогч Д.Жаргалсүрэн: “Коронавируст халдварт өвчинтэй улс нийтээрээ тэмцэж байгаа энэ цаг үед, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн өдрөөс, өнөөг хүртэл ар гэрээ умартан, өндөр ачаалалтай ажиллаж байгаа та бүхнээрээ бахархаж байна. Сангийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2019 оны “Өрх, сум тосгоны эрүүл мэндийн төвийн төсвийг тооцох аргачлал, санхүүжүүлэх, хяналт тавих журам батлах тухай 257/А/562 дугаар тушаалын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд 2020 оны гүйцэтгэлийн гэрээний үнэлгээгээр Баянгол дүүргийн 21 өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааг үнэлж дүгнэн байгууллага тус бүрт үнэлгээг илгээсэн. 2021 оны төсвийн хуваариар өрхийн эрүүл мэндийн төвүүдэд зохих журмын дагуу санхүүжилт олгогдоно” хэмээн мэдэгдлээ.
Мөн энэ үер ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Мөнхзаяа: “Та бүхэндээ удахгүй болох эмч нарын баярын мэнд дэвшүүлье. Нийслэл болон дүүргийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд 2021-2024 онд Баянгол-Эрүүл иргэн” дэд хөтөлбөр хэрэгжинэ. Мөн “Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ”-нд түлхүү анхаарч, өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй гурван талд гэрээ байгуулж, хэрэгжилтэд хяналт тавин, үр дүнг тооцон ажиллах болно. Үүнтэй уялдуулан тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр хамтран ажиллана. Та бүхний ажилд амжилт хүсье” хэмээн хэлсэн юм.