Баянгол дүүргийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хурал өнөөдөр (2021.07.30) боллоо. Хуралдааныг дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар удирдан явуулсан бөгөөд цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан хоёр асуудлыг хэлэлцсэн. Үүнд нэгдүгээрт, Баянгол дүүрэг (БГД) дэх Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсээс гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд дүүргийн 20 дугаар хороо, Хархорин зах орчимд хэв журам сахиулах, халдвар хамгааллын дэглэм сахиулах зорилгоор Цагдаагийн кабон байгуулах, хоёрдугаарт БГД дэх Цагдаагийн газраас Коронавируст халдварын тандалт шинжилгээнд дэмжлэг үзүүлэх тухай ирүүлсэн хүсэлтийг тус тус хэлэлцлээ.
Дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар дүүргийн Онцгой комиссын болон дүүргийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үеэр Хархорин захын хойно, нийтийн эзэмшлийн талбайд үүсээд байгаа нөхцөл байдлыг яаралтай цэгцэлж, шаардлагатай арга хэмжээг авахыг холбогдох газар, хэлтэст үүрэг болгож байсан. Тэгвэл Засаг даргаас өгсөн үүрэг чиглэлийн хүрээнд энэ сарын 26-нд дүүргийн Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Газар зохион байгуулалтын алба болон Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн албан хаагчид хамтран тухайн газарт ажилласан юм. Улмаар Хархорин захын гадна, нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй худалдаа эрхлэгчид хогоо ил задгай хаях, олон хүний бөөгнөрөл үүсгэж байгаа нь ойр орчимд амьдардаг иргэд, оршин суугчдын эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчих, цаашлаад “Ковид-19” цар тахлын халдвар тархах эрсдэлтэй нөхцөл байдлыг бүрдүүлсэн. Иймд тус захын гадна Цагдаагийн явуулын кобан байрлуулах, алба хаагчид 24 цагаар ажиллаж, хэв журам сахиулах зайлшгүй шаардлагатай байгаа учраас Засаг даргын нөөц хөрөнгөөс дээрх асуудлыг шийдвэрлэх санхүүгийн эх үүсвэрийг гаргаж өгнө үү гэсэн саналыг дүүргийн Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Б.Өлзийсайхан Зөвлөлийн гишүүдэд танилцуулсан юм. Энэ үеэр дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар “Хархорин захын ард, нийтийн эзэмшлийн талбайд ил задгай худалдаа эрхлэгчдийн асуудлыг манай дүүргийн яаралтай шийдвэрлэх тулгамдсан асуудлын нэг болоод байна. “Хархорин”, “Эрин” хорооллын оршин суугчдаас цар тахал гарсан энэ үед халдвар авах эрсдэл өндөр байна гэсэн гомдол, санал их ирж байна. Иймд ажлын хэсгээс гарсан саналыг дэмжиж байна. Гэхдээ давхар тохижилтын асуудлыг шийдэх хэрэгтэй. Дээрх газарт иргэд, оршин суугчдын ая тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор хайрцагтай мод тавих зэргээр тохижилтын ажлыг хийж гүйцэтгэе” гэсэн. Улмаар дээрх саналыг Засаг даргын зөвлөлийн гишүүд 100 хувийн саналаар дэмжлээ.
Дараа нь дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Мөнхзаяа БГД дэх Цагдаагийн газраас ирүүлсэн “БГД дэх Цагдаагийн газрын эрүүлжүүлэх байранд үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагч нар коронавируст цар тахлаар өвдөх эрсдэл өндөр байгаа учраас түргэвчилсэн оношлуур авч өгнө үү” гэсэн хүсэлтийг танилцуулж, Засаг даргын зөвлөлийн гишүүдэд холбогдох судалгаа, мэдээллийг танилцууллаа. Цагдаагийн газрын өгсөн мэдээллээр дүүрэг дэх Эрүүлжүүлэх байранд өдөртөө 15-20 хүн эрүүлжүүлэгддэг бөгөөд согтуурлын зэрэг өндөр байдгаас дархлаажуулалт хамрагдсан эсэх талаар мэдээлэл өгөх чадваргүй байдаг. Үүнээс болж ажил үүргээ гүйцэтгэж байгаа алба хаагчид халдвар авах эрсдэл өндөр байдаг тул эрүүл мэндийг нь хамгаалах үүднээс түргэвчилсэн оношлуур авах зайлшгүй шаардлагатай байна гэсэн юм. Энэ үеэр дүүргийн ЗДТГ-ын дарга Б.Нарангэрэл үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдынхаа эрүүл мэндийг хамгаалах нь зөв, энэ саналыг дэмжиж байна гээд “Гэхдээ зарим оношлуур найдваргүй гэсэн мэдээлэл гарч байна. Иймд стандартын шаардлага хангасан оношлуур авах хэрэгтэй. Ажлын хэсгийнхэн сайн судлаарай” гэсэн. Улмаар энэ асуудал дээр санал хураахад Засаг даргын Зөвлөлийн гишүүд 100 хувийн саналаар дэмжсэн.
Хурлын төгсгөлд дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар дээрх асуудлыг хариуцсан дүүргийн Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Нийгмийн хөгжлийн хэлтэс хариуцсан ажлаа хугацаанд нь яаралтай гүйцэтгэж шийдвэрлээрэй. Өнөөдрийн зөвлөлийн хурлаар шийдвэрлэгдсэн асуудал нь нэгдүгээрт “Ковид-19” цар тахал гарсан энэ амаргүй цаг үед иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах орчныг бүрдүүлэх хоёрдугаарт, үүрэг гүйцэтгэж байгаа цагдаагийн алба хаагчдыг ажиллах нөхцөлөөр хангах тухай асуудлыг хөндөж байгаа учраас хугацаанд нь яаралтай хийж дуусгаарай гэсэн юм.