Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, Засаг даргын зөвлөх Ж.Баатар, Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээний газрын дарга Б.Лхагвабаатар нар өнөөдөр "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн удирдлагуудтай хоёр дахь удаагийн уулзалтаа хийлээ.
Уулзалтад “Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн Нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга Ц.Хүрэлбаатар, Их барилга, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Б.Баярмагнай, Ерөнхий инженер Б.Зоригтбаатар, Зураг төслийн төвийн орлогч дарга Р.Энхдалай, Эрчим хүч, ус хангамжийн нэгдүгээр ангийн дарга Ө.Ууганжаргал нар оролцсон бөгөөд энэ удаагийн уулзалтаар “Улаанбаатар төмөр зам”-ын Нэгдүгээр орлогч дарга асан Н.Цэрэнноров агсны нэрэмжит гудамжны тохижилтын ажлыг хэрхэн хийж гүйцэтгэх талаар санал солилцлоо. Тодруулбал, Н.Цэрэнноров агсны нэрэмжит гудамж нь дүүргийн 1, 3, 4 дүгээр хороог дамнан байрладаг юм.
Энэ үеэр дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар “Манай зүгээс дүүргийнхээ орон нутгийн төсвийг хэлэлцэхдээ дээрх гудамжны тохижилтын ажилд зориулан төсөв суулгуулах болно. Мөн миний бие Нийслэлийн Иргэдийн хурлын төлөөлөгчийн хувьд нийслэлийн төсөвт тодорхой хэмжээний төсөв суулгуулах саналаа НИТХ-д танилцуулна” гэсэн юм.
Уулзалтын үеэр хоёр тал хамтарсан ажлын хэсэг байгуулж, энэ баасан гарагт дүүргийн 1, 3, 4 дүгээр хороонд ажиллах, цаашлаад тохижилтын ажлын даалгаврын зургийг нарийвчлан гаргахаар боллоо. Ингэснээр тохижилтын ажлын төсвийг эцэслэх улмаар дүүрэг болон "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн удирдлагууд Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах юм.
Ташрамд мэдээлэхэд, өнгөрсөн дөрөвдүгээр сард болсон анхны уулзалтаар Баянгол дүүргийн ЗДТГ, “Улаанбаатар төмөр зам” ХНН хамтран “Орос, Монголын найрамдлын цэцэрлэгт хүрээлэн”-г тохижуулах асуудлыг хэлэлцэж, энэ ажил өдгөө амжилттай хэрэгжиж байна. Тодруулбал, тус цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн талын саадны тохижилтын ажлыг “Улаанбаатар Төмөр зам” ХНН гүйцэтгэж байгаа бол дүүргээс ногоон байгууламжийг хийхээр болж ажлаа эхлүүлсэн. Энэ ажил он дамжин хийгдэх бөгөөд мэргэжлийн байгууллагынхан тус цэцэрлэгт хүрээлэнд зүлэг, мод тарихаар хөрсөө бэлдэж байгаа юм. Түүнчлэн дүүргийн зүгээс тус цэцэрлэгт хүрээлэнгийн баруун талын саадны арын явган хүний замыг 38 дугаар сургууль руу үргэлжлүүлэн гүйцээсэн бол хойд талынх нь эвдрэл, гэмтэлтэй замыг хучих ажлыг удахгүй хийж гүйцэтгэх юм.