Баянгол дүүргийн Ахмадын хорооны Салбар зөвлөлийн тайлангийн хуралдаан өнөөдөр болж, өнгөрч буй онд хийсэн ажлын тайлангаа гишүүддээ танилцууллаа. Салбар зөвлөлийн хуралдаанд дүүргийн Ахмадын хорооны дарга Ж.Намнансүрэн, дүүргийн Ахмадын хорооны салбар Зөвлөлийн дарга нараас гадна дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар уригдан оролцсон юм.
Хуралдааны эхэнд Ахмадын хорооны дарга Ж.Намнансүрэн өнгөрсөн нэг жилийн хугацаанд хийсэн ажлын тайлангаа танилцуулсан бөгөөд тэрбээр “2021 онд манай Ахмадын хороо Бага хурлаа цахимаар зохион байгуулж, тэргүүлэгчид болон Хяналтын зөвлөлийн гишүүдээ шинэчлэн томиллоо. Мөн Ахмадын хорооны дүрмээ шинэчлэн баталсан гээд олон ажлыг амжуулсан байна. Ирэх оныг бид “Үйл ажиллагаа жигдрэлтийн жил” болгон зарлаж байгаа бөгөөд 2022 онд ахмадууд руугаа чиглэсэн олон ажил хийх болно” гэсэн юм.
Дараа нь дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар нийт ахмадууддаа баяр хүргэж талархал илэрхийлээд “Манай дүүрэг 231 мянган хүн амтай. Үүний 10.4 хувийг ахмадууд эзэлдэг. Дүүргийн удирдлагуудын зүгээс ахмадуудаа үргэлж дэмжиж ажилласаар ирсэн. Та бүхэн мөн бидний ажлыг дэмжиж, цар тахлын энэ үед ДОК-оос гаргасан шийдвэрийг хүлээн авч, дүүргийнхээ иргэдийн эрүүл мэндийн төлөө Ахмадынхаа байрыг суллаж өгсөнд баяртай байна. Та бүхэндээ шинэ оны мэнд хүргэж, эрүүл энх хамгийн сайн сайхныг хүсье” гэсэн юм. Мөн тэрбээр дүүргийн Ахмадын хорооныхон ирэх онд хийж хэрэгжүүлэх ажлынхаа төлөвлөгөөг гаргаж, ирэх 2022 оны нэгдүгээр сард хуралдах дүүргийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үеэр танилцуулах, улмаар ирэх ондоо дүүргийн ЗДТГ болон харьяа хэлтсүүд та бүхэнтэйгээ хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж, хамтарч ажиллахад бэлэн байна гэсэн юм.