Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс нь 2021 онд хүнсний аюулгүй байдлыг хангуулах, хоол, хүнсээр дамжих хордлого, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэмийг сахиулах зорилгоор хүнсний худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний давхардсан тоогоор 4023 ААНБ, иргэдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, 5214 зөвлөмж, мэдэгдэл хүргүүлж ажилласнаар хүн амын дунд олон нийтийг хамарсан хоол, хүнсээр дамжих хордлогот халдварт өвчин гарахаас сэргийлсэн байна.
Засгийн газар, Улсын Онцгой Комисс, дүүргийн Онцгой Комиссоос коронавируст халдвар /КОВИД-19/-н эсрэг авч хэрэгжүүлсэн шийдвэрийн дагуу шинжилгээний суурин 42, явуулын 20 цэгт 205 удаагийн, дархлаажуулалтын 55 цэгт 265 удаагийн, тусгаарлан ажиглах 16 байранд 92 удаагийн, улсын болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн 60 эмнэлэгт 871 ор дэлгэхэд хийсэн хяналт шалгалт зэрэг нийт 9 чиглэлээр урьдчилан сэргийлэх шалгалтыг зохион байгуулж, тухай бүрд нь холбогдох хариу арга хэмжээг шуурхай авч шийдвэрлэн ажилласнаар хүн амын дундах халдварын тархалтыг хязгаарлах, бууруулахад голлон ажиллалаа.
Мөн ковидын амаргүй нөхцөл байдлын үед эхлүүлсэн 2021-2022 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлыг хангуулах хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй их дээд болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдэд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж, халдвар хамгааллын дэглэм сахиулах, тушаал шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр мэргэжлийн зөвлөгөө, зөвлөмж өгөн ажилласан байна.
Мэргэжлийн хяналтын байгууллагын үндсэн үйл ажиллагаа болох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, зөвлөн туслах ажлыг тасралтгүй зохион байгуулж, иргэд, ААН, байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдол, хүсэлтийг хуулийн хүрээнд, богино хугацаанд бүрэн шийдвэрлэсэн байна.