Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Баянгол дүүргийн Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн А/157 дугаар захирамжаар ажлын хэсэг байгуулж, мод тарих болон арчлалт хамгаалалтыг хариуцан ажиллах ажлын хэсгүүдийг шинэчлэн байгууллаа.
Тус ажлын хэсэг нь Баянгол дүүргийн Засаг даргын санаачилгаар 2021 онд хэрэгжүүлсэн “Жишиг ногоон дүүрэг” аяныг илүү өргөн хүрээнд зохион байгуулах бөгөөд ажлын хэсгийн хуралдаан энэ сарын 25-ны өдөр хуралдаж, ажлын төлөвлөгөөгөө хэлэлцсэн юм.
Ташрамд мэдээлэхэд, өнгөрсөн онд дээрх хөтөлбөрийн хүрээнд дүүргийн хэмжээнд “Жишиг ногоон дүүрэг” аяныг өрнүүлсэн бөгөөд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүүхэд багачууд болон иргэдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх орчин, нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор дүүргийн 5 сургууль, 10 цэцэрлэгийн хашаанд 450 мод тарьж, 3000м2 талбайг зүлэгжүүлсэн юм.