Нийслэлийн Засаг даргын захирамжаар 2022 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага өнөөдөр (2022.05.06)-өөс нийслэлийн төвийн зургаан дүүрэгт эхэллээ.
Баянгол дүүрэгт цэрэг татлагыг “Оюуны Ундраа” цогцолбор сургууль (96-р сургууль)-д зохион байгуулж байгаа юм. Тэгвэл Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр болон албаны хүмүүс өнөөдөр Баянгол дүүргийн 96 дугаар дунд сургуульд ирж цэрэг татлагын явц, зохион байгуулалттай танилцлаа. Энэ үеэр Баянгол дүүргийн ЗДТГ-ын дарга, Цэрэг татлагын товчооны дарга Б.Нарангэрэл, Цэргийн штабын дарга, хурандаа Л.Цэрэгбаяр нар цэрэг татлагын явц зохион байгуулалт болон ажил үүргийн хуваарийн талаар мэдээлэл өглөө.
Түүнчлэн Баянгол дүүргийн Цэргийн штабаас НЗДТГ-ын Цэргийн штабаас өгсөн үүрэг чиглэлийн хүрээнд “Ковид-19” цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан холбогдох бэлтгэлээ хангаж ажиллаж байгаа бөгөөд Улсын Онцгой комиссын зөвлөмж, зааврын дагуу цэрэг татлагын байранд ариутгал, халдваргүйжүүлэлт хийн ажиллаж байгаа юм.
Ташрамд мэдээлэхэд, цэргийн албанд татагдаж буй иргэд иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх, их, дээд сургууль төгссөн диплом зэрэг бичиг баримтыг авчирч, тогтоосон хугацаанд цэрэг татлагын байранд ирэх үүрэгтэй юм.