БАЯНГОЛ ДҮҮРГИЙН СУРАГЧИД ГЯЛГАР УУТААР БҮТЭЭГДЭХҮҮН ХИЙЖ БАЙНА

Мэдээг хуваалцах

Баянгол дүүргийн Ерөнхий боловсролын сурагчид нэгэн сонирхолтой, бүтээлч санаачлагыг дүүргийн Засаг дарга С.Одонтуяад танилцуулсан нь өнөөдөр ажил хэрэг болж өрнөлөө. Сурагчдын төлөөлөл, дүүргийн Засаг даргатай хамтран хаягдал гялгар уутаар төрөл бүрийн бүтээгдэхүүн хийж болдог, түүнийг хэрхэн хийдэг талаар зааварчилгаа өгч, гялгар уутаар өөртөө болон гэр орон, албан байгууллагадаа хэрэгтэй бүтээгдэхүүн хийхийг уриаллаа.

Сурагчдын санаачлагыг дүүргийн Засаг даргын Тамгын газар дэмжиж “Бүтээлч иргэн” шалгаруулах болзолт уралдаан зарлаж буй тухайгаа дүүргийн Засаг дарга танилцуулав. Уралдааны гол зорилго нь хүүхэд, залуучуудыг гар утасны хор нөлөөллөөс холдуулах, бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх, гялгар уутны хор хөнөөлийг сурталчлах, хэрэглээ, хог хаягдлыг багасгах, иргэдийг зөв зан үйл хэвшүүлэх юм байна.

Гялгар уут нь олон төрлийн полихлорт нэгдлүүдийг агуулсан өндөр молекулт органик бодис юм. Ердөө 0.0025 мм-ийн зузаантай маш нимгэн гялгар уут л гэхэд газрын хөрсөнд шингэхдээ 100 гаруй жил болдог юм байна. Гялгар уут газрын хөрсөнд шингэхгvй он удаан жил байснаас, хөрсний эвдрэл үүсгэж, цөлжилтийг улам эрчимжүүлээд зогсохгүй, эргээд хорт нэгдэл ялгаруулж хүрээлэн буй орчин, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Энэ нь гялгар уутыг ихээр хэрэглэх болсонтой холбоотой. Гялгар уут хэмээх энэ хортой химийн нэгдэл нь хорт хий ялгаруулж хөрс, ус, агаарыг бохирдуулсаар л байна. Иймээс гялгар уутны хэрэглээг багасгах, хог тээвэрлэлтэд зарцуулж байгаа хөрөнгийг багасгах,байгальд ил задгай хаяхгүй байх арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь үндэслэл болох юм. 

“Бүтээлч иргэн” уралдаанд оролцох байгууллага, анги хамт олон гялгар уутны хэрэглээг багасгах, ил задгай хаяхгүй байхыг уриалсан уриалга гаргах, байгууллага, сургуулийн орчинд гялгар уутаар бүтээгдэхүүн хийх, гялгар уутны хог хаягдлыг хадгалах зориулалтын хайрцаг, сав гаргах, хамт олноороо нэгдэж төрөл бүрийн бүтээл хийсэн байх шаардлагатай юм байна.
Уралдаанд Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон хувийн хэвшлийн аж ахуй нэгж байгууллагын ажилтан, албан хаагчид, дүүргийн ЕБС-ын дунд болон ахлах ангийн сурагчид,оюутан, иргэд хамрагдах боломжтой бөгөөд 2018.04.16- 05.25-ны өдөр хүртэл үргэлжлэх юм байна.

Уралдааны дүнг доор дурдсан 4 төрөлд тус бүр эхний 3 байрыг шалгаруулж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж, урамшуулах юм байна.
1. “Хамгийн загварлаг бүтээлч санаа”
Нэгдүгээр байр – Өргөмжлөл, 200,000 төгрөг
Хоёрдугаар байр – Өргөмжлөл, 150,000 төгрөг
Гуравдугаар байр – Өргөмжлөл, 100,000 төгрөг
2. “Хамгийн идэвхтэй байгууллага, анги хамт,олон
Нэгдүгээр байр – Өргөмжлөл, 200,000 төгрөг
Хоёрдугаар байр – Өргөмжлөл, 150,000 төгрөг
Гуравдугаар байр – Өргөмжлөл, 100,000 төгрөг
3. “Сошиал орчинд хамгийн идэвхтэй түгээгч”
Нэгдүгээр байр – Өргөмжлөл, 200,000 төгрөг
Хоёрдугаар байр – Өргөмжлөл, 150,00 төгрөг
Гуравдугаар байр – Өргөмжлөл, 100,000 төгрөг
4. “Хамгийн их утас /гялгар уут/ бэлдсэн байгууллага, хамт, олон”
Нэгдүгээр байр – Өргөмжлөл, 200,000 төгрөг
Хоёрдугаар байр – Өргөмжлөл, 150,00 төгрөг
Гуравдугаар байр – Өргөмжлөл, 100,000 төгрөг.