“ЭРҮҮЛ ШҮД-ЭРҮҮЛ” ХҮҮХЭД СЭДЭВТ СУРГАЛТ БОЛОО

Мэдээг хуваалцах

Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Баянгол дүүргийн ЗДТГ хамтран дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиийн 1-5 дугаар ангийн 500 гаруй бага ангийн багш нарт “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” сэдэвт сургалт зохион байгууллаа.

Сургалтад амны хөндийн эрүүл ахуйг хэрхэн сахих, ялангуяа хүүхдийг бага наснаас нь шүдээ зөв угаах, эрүүл аж төрөх дадал хэвшилд сургах талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч сургууль тус бүр хүүхэд бүрийг шүдээ хамгаалах арга барилд сургах нь чухал гэдгийг АШУИС-ийн нүүр ам судлалын тэнхимийн багш, анагаах ухааны доктор эмч Ж.Дэлгэрцэцэг хэлж байлаа.

Сургалтад Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар,БГД-ийн Засаг дарга С.Одонтуяа, БГД-ийн Засаг даргын орлогч Г.Нарангэрэл, нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга А.Одонтунгалагтуул, дүүргийн боловсролын хэлтсийн дарга Л.Жаргал нар болон албаны бусад хүмүүс оролцсон юм.

Дашрамд дуулгахад, манай улсын хүн амын дунд сүүлийн үед эрчимтэй тархаж шүд цоорох өвчлөл нь бага насны хүүхдийг түлхүү хамарч буй бөгөөд олон улсад зонхилон тохиолдох өвчний жагсаалтад Улаанбаатар хотын хүн амын шүдний өвчлөл 5-р байрт жагссан байна. Мөн нийслэлийн хэмжээнд сургуулийн өмнөх болон ЕБС-ийн бага ангийн хүүхдийн дунд шүд цоорох өвчин, цоорлын эрчмийн үзүүлэлт (нэг хүүхдийн аманд байх цоорсон, ломбодсон, авагдсан шүдний нийлбэр тоо) нь ДЭМБ-ын гаргасан шалгуураар “МАШ ӨНДӨР” ангилалд хүртлээ өсчээ.