ГАНДАНГИЙН ГЭР ХОРООЛЛЫН ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙГ ЭРГЭН ЯРИЛЦАНА ГЭЛЭЭ

Мэдээг хуваалцах

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Гэр хорооллын хөгжлийн газраас өнгөрсөн ням гарагт хэлэлцүүлэг зохион байгууллаа. Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл энэ хэлэлцүүлэгт оролцож, гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын явц, ирээдүйд хүрэх үр дүн, мөн иргэд энэ ажилд хэрхэн оролцох талаар танилцуулав. Баянгол дүүргээс НИТХ-ын төлөөлөгч, Засаг дарга Д.Оросоо, НИТХ-ын төлөөлөгч Ц.Алтанцэцэг, тус дүүргийн гэр хорооллын есөн хорооны Засаг дарга нар уг хэлэлцүүлэгт оролцсон юм. 

Баянгол дүүргийн хувьд Гандангийн дэнж буюу 16 дугаар хороо гэр хорооллын дахин төлөвлөлтөд багтаад байгаа. Гэвч иргэдийн зүгээс түр хороо байгуулан 400 гаруй хүний гарын үсэгтэй мэдэгдлийг Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Гэр хорооллын хөгжлийн газарт хүргүүлжээ. Хотын дарга Э.Бат-Үүл хэлэхдээ “Иргэдийн энэ саналыг дахин авч хэлэлцэж байж шийднэ. Оршин суугчдыг нүүлгэхгүйгээр газрын шинэчлэн зохион байгуулах арга зам байгаа ч, үнэндээ ихээхэн хүндрэлтэй” хэмээн тайлбар өглөө.