“ОРОЛЦООГ БОДИТ БОЛГОЁ” АЯН БАЯНГОЛ ДҮҮРЭГТ

Мэдээг хуваалцах

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн чуулганыг угтан “Оролцоог бодит болгоё” сарын аян зарлаад байгаа. Тэгвэл энэ хүрээнд Баянгол дүүрэгт мөн аяныг арван өдрийн цуврал арга хэмжээгээр төлөвлөж, эхлүүлжээ. Хонхот бөмбөг, суугаа волейболын тэмцээнээр энэхүү аянаа эхлүүлсэн бол өнгөрсөн ням гарагт Өргөө кино театрын өмнөх талбайд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хийсэн бүтээлээр үзэсгэлэн худалдааг зохион байгууллаа. Энэ өдөрлөгийг нээхээр ХАХНХ-ын сайд, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Д.Дэлгэрбат, Засаг дарга Д.Оросоо нар хүрэлцэн ирсэн юм. Мөн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны Ерөнхийлөгч Ц.Мөнхсаруул үг хэлэхдээ “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, хамгаалалд санаа тавьж, санамж бичигт гарын үсэг зурсан анхны Засаг дарга бол Д.Оросоо байлаа. Мөн нийгмийн халамжийн бодлогыг хавтгайрлаас ангижруулж, зөвхөн зорилтот бүлэгт чиглүүлж буй ХАХНХ-ын сайдын бодлогыг бид бүрэн дэмжиж буйгаа энэ дашрамд илэрхийлье” гэсэн юм. 
Баянгол дүүргийн “Оролцоог бодит болгоё” аян цаашид хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн уулзалт, гар зургийн уралдаан гэх мэт хөтөлбөртэй үргэлжилсээр энэ сарын 24-ний өдөр нэгдсэн чуулганаа хийх юм. Тус дүүргийн хувьд 5800 хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 270 гаруй хүүхэд байдаг ажээ.