АЖ АХУЙ НЭГЖ БАЙГУУЛЛАГЫН АНХААРАЛД

Мэдээг хуваалцах

БАЯНГОЛ ДҮҮРЭГТ МӨРДӨГДӨХ

ХОГ ХАЯГДЛЫН ХУРААМЖИЙН ТУХАЙ ТАНИЛЦУУЛГА

                                                                                                                                               2013.04.16

            "Хог хаягдлын тухай" хууль шинээр үйлчилж эхэлсэнтэй холбоотойгоор 2013 оны 1 дүгээр сарын 1-ны өдрөөс хойш хог хаягдлын хураамж нь Монгол улсын албан татварын бүрэлдэхүүн хэсэг болсон /Татварын Ерөнхий хуулийн 5.1 дэх заалт/ болно.

            Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор "Хог тээвэрлэгчийг сонгон шалгаруулах, санхүүжүүлэх, үйлчилгээний хураамжийг төвлөрүүлэхэд мөрдөх журам"-ыг баталсан бөгөөд журмын 9.3-д Дүүргийн Татварын хэлтэс нь хог хаягдлын үйлчилгээний хураамжийг төсөвт төвлөрүүлэх ажлыг зохион байгуулж, гүйцэтгэлд хяналт тавьж, хуулинд заагдсан хугацаанд Санхүү, төрийн сангийн хэлтэст тайлагнана гэж тусгасан.

            "Хог хаягдлын тухай" хуулийн 8.1.2-т Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Засгийн газраас тогтоосон аргачлалын дагуу тухайн нутаг дэвсгэрт мөрдөх хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг тогтооно гэж заасны дагуу Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 30 дугаар тогтоолоор Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт мөрдөх иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас төлөх хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг хуулийн дагуу шинэчлэн баталсан.

            Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс тогтоосон хог хаягдлын хураамж нь 2 хэсэгтэй бөгөөд Баянгол дүүрэгт бүртгэлтэй аж ахуйн нэгж, байгууллагаас сар бүр 5000 /таван мянга/ төгрөг, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас хог хаягдал тээвэрлэлтийн үйлчилгээнд батлагдсан тарифийн дагуу хураамж төлөхөөр заасан.

            Баянгол дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд хог хаягдлын тээвэрлэлт, нийтийн эзэмшлийн зам, талбайн цэвэрлэгээ, тохижилтын ажлыг хариуцах орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрыг "Баянгол Шинэ Өргөө" нэртэйгээр Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 18 дугаар тогтоолоор үүсгэн байгуулсан болно. Өнөөдрийн байдлаар "Баянгол Шинэ Өргөө" ОНӨААТҮГ нь Баянгол дүүрэгт хог тээвэрлэлт, цэвэрлэгээний ажлыг гүйцэтгэж байна.

            Баянгол дүүргийн Татварын хэлтэс, "Баянгол Шинэ Өргөө" ОНӨААТҮГ хамтран хог хаягдлын хураамжийн 2013 оны гэрээ байгуулах ажлыг 2013 оны 4 дүгээр сараас эхлэн зохион байгуулж байгаа тул аж ахуйн нэгж, байгууллагууд 2013 оны хог хаягдлын хураамжийн гэрээгээ байгуулж, журмын  9.7-д заасны дагуу 2013 оны 2 улирлын хог хаягдлын хураамж болох 15,000 төгрөгийг Улаанбаатар хотын банкин дахь Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602033986 тоот дансанд  төлнө үү.

            Хоггүй цэвэрхэн хот, эрүүл орчны төлөө иргэн, аж ахуйн нэгж, байгууллага бүрийн идэвхи, хүчин чармайлт хэрэгтэй учраас хамтран ажиллахыг аж ахуйн нэгж, байгууллагуудаас хүсье.

            Хог хаягдлын хураамжтай холбоотой санал, хүсэлт, гомдлын талаар Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын өргөдөл, гомдол хариуцсан мэргэжилтэн П.Анхтуяад хандана уу.    

Холбогдох утас:  9904-4036, 7012-1609

САНХҮҮ, ТӨРИЙН САНГИЙН ХЭЛТЭС

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ТАТВАРЫН ХЭЛТЭС

"БАЯНГОЛ ШИНЭ ӨРГӨӨ" ОНӨААТҮГ

Аж ахуйн нэгж, байгууллагын хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг тогтоох тухай тогтоолтой танилцана уу