ЭРҮҮЛ МЭНДИЙН НЭГДЭЛ

Мэдээг хуваалцах

Танилцуулга

Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв нь Монгол Улсын Эрүүл мэндийн яам, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэл, дүүргийн Засаг Даргын Тамгын газрын бодлого чиглэл, тушаал, шийдвэрүүдийг нутаг дэвсгэрийн хэмжээнд хэрэгжүүлэх, зохицуулах, хяналт тавих, хүн амд нийгмийн эрүүл мэнд, эмнэлгийн хоёр дахь шатлалын тусламж үйлчилгээг үзүүлэх үүрэгтэй төрийн үйлчилгээний байгууллага юм.

1991 онд Октябрийн районы Эрүүл мэндийн зөвлөх төвийн хүүхдийн хэсгийн 1-р цэг нь Баянгол дүүргийн эрүүл мэндийн 6, 7 дугаар төв болж, Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв анх байгуулагдсан түүхтэй. Улмаар 1995 онд Эрүүл мэндийн зөвлөх төв болж өргөжиж, 205 эмч, ажилчидтайгаар нарийн мэргэжлийн оношлогооны кабинетуудыг нээж, чанарын ахиц гарган ажиллаж байсан. 1999 оны 10 дугаар сард 50 ортой дотор, мэдрэлийн тасаг бүхий дүүргийн нэгдсэн эмнэлэг байгуулагдсан. Мөн онд “Өрхийн эмнэлэг байгуулах тухай” Засгийн газрын 1999 оны 149 дүгээр тогтоолоор эрүүл мэндийн анхан шатны тусламжийг хүн амд ойртуулах зорилгоор Монгол Улсын Засгийн газар, Азийн Хөгжлийн Банктай хамтран “Эрүүл мэндийн салбарын хөгжил” хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд өрхийн эмнэлгүүд байгуулагдсан. 2001 онд Монгол Улсын Эрүүл мэндийн сайд, Нийслэлийн Засаг даргын хамтарсан 2001 оны 04 сарын 24-ний өдрийн №98/197 тоот  тушаал захирамжийг үндэслэн “БАЯНГОЛ ЭРҮҮЛ МЭНДИЙН НЭГДЭЛ”  нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. 2013 оны 5 дугаар сард 35 ортой хүүхдийн хэвтэн эмчлүүлэх “Эмүүжин” хүүхдийн эмнэлгийг ашиглалтад оруулж дүүргийн хамрах хороодын 0-16 насны 9000 гаруй хүүхдэд хоёр дахь шатлалын эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлж үйл ажиллагааг явуулж эхэлсэн. 2014 оны 10 дугаар сард УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн С.Одонтуяа нарын санаачилга, дэмжлэгтэйгээр хэвтүүлэн эмчлэх 100 ортой Баянгол дүүргийн “ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ”-ийн цогцолбор байрыг ашиглалтад оруулан,  яаралтай тусламж, эрчимт эмчилгээний тасгийг шинээр нээж, дотор, мэдрэлийн тасгуудыг өргөжүүлэн, тохижилтын ажлыг хийж, үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. 2015 оны 11 дүгээр сард хуучин 7-р төвийн барилгыг иж бүрэн засварлаж, тоног төхөөрөмжийг шинэчлэн 140 ортой хүүхдийн эмнэлгийг ашиглалтад оруулан дүүргийн 0-16 насны 73.000 гаруй хүүхдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг хүргэн ажиллаж байна. Мөн онд “Эмүүжин” хүүхдийн хэвтэн эмчлүүлэх тасгийг хүүхдийн амбулаториор өөрчлөн зохион байгуулж тусламж, үйлчилгээг хүргэж байна. 2017 оны 6 дугаар сард нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалтаар хуучин эрүүл мэндийн 6-р төвийн сууринд хэвтүүлэн эмчлэх 120 ор бүхий Баянгол дүүргийн “АХМАД НАСТАН, ХҮҮХДИЙН ЭМНЭЛЭГ”-ийг нээн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Мөн оны 10-р сард “Нэгдсэн эмнэлгийн бүтэц, үйл ажиллагааны стандарт”-ыг хэрэгжүүлэн ажиллах зорилгоор 25 ортой “МЭС ЗАСАЛ, ГЭМТЛИЙН ТАСАГ”, 10 ортой “ХӨНГӨВЧЛӨХ, ХИМИ ЭМЧИЛГЭЭ”-ний тасгийг нээж төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ЧИГЛЭЛ:

1.Эмнэлгийн тусламж үйлчилгээ

Амбулаторийн тусламж үйлчилгээ

  • Поликлиник
  • Хүүхдийн амбулатори
  • Ахмадын эмнэлгийн амбулатори

            Хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээ

  • Нэгдсэн эмнэлэг

           Сувилахуйн тусламж үйлчилгээ

  2.  Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ

  3. Дэмжих үйлчилгээ

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ:

  1. Хэвтүүлэн эмчлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээ /нийт 400 ортой/
  • Хүүхэд /200 ор/
  • Ахмад настан /60 ор/
  • Мэс засал /25 ор/
  • Насанд хүрэгчид /125 ор/
  1. Поликлиникийн тусламж, үйлчилгээ
  • Оношлогоо
  • Эмчилгээ
  • Нарийн мэргэжлийн 32 кабинетууд
  1. Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний алба /Урьдчилан сэргийлэх, дэмжих үйлчилгээ/
  • Нийгмийн эрүүл мэндийн алба
  • Өрхийн эрүүл мэндийн төвүүд /22 ӨЭМТ/
  • Салбар эмнэлгүүд /3 эмнэлэг/
  1. Захиргаа, аж ахуй, хүний нөөцийн алба
  • Удирдлагын зөвлөл
  • Санхүү, бүртгэл
  • Хүний нөөц
  • Чанарын алба
  • Сувилахуйн алба
  • Үйлчилгээний алба

АЛСЫН ХАРАА: Нийслэлийн хэмжээнд эмнэлгийн болон нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээгээр “ЖИШИГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ” болох.

ЭРХЭМ ЗОРИЛГО: Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд тулгуурласан үйл ажиллагааг эрчимжүүлж, хүн амын сэтгэлд бүрэн нийцсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг шударга, тэгш, чанарын өндөр түвшинд чирэгдэлгүй, хүртээмжтэй үзүүлнэ.

ЗОРИЛТУУД:

1. Нийслэлийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд “ЭРҮҮЛ ЗҮРХ-ЭРҮҮЛ УЛААНБААТАР” төсөл, “ЭЛЭГ БҮТЭН МОНГОЛ” хөтөлбөрийг холбогдох байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх.

2. Дүүргийн “ЭРҮҮЛ ДҮҮРЭГ” дэд хөтөлбөрийн хүрээнд халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, халдварт өвчний идэвхтэй илрүүлэг, дархлаажуулалт, эмчилгээний хамрагдалтыг нэмэгдүүлэх, өвчлөлийг бууруулах, халдварт бус өвчний эрт илрүүлгийг эрчимжүүлж эмчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх.

3. Өрхийн эрүүл мэндийн төвийн тусламж, үйлчилгээг дэмжих ажлын хүрээнд эмч, эмнэлгийн мэргэжилтний мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх.

4.  Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд нотолгоонд тулгуурласан, оролцоог хангасан, үр дүнтэй, дэвшилтэт арга технологийг ашиглах.

5. Орчин үеийн мэдээллийн технологид суурилсан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг олон нийтэд түргэн шуурхай чирэгдэлгүй, нээлттэй, ил тод, хүртээмжтэй хүргэх.