14-р хороо

Мэдээг хуваалцах

Танилцуулга

Баянгол дүүргийн 14 дүгээр хороо нь 13.9 га нутаг дэвсгэртэй, 1150 өрхийн 4761 хүн амтай, орон сууцны 17 байр, төрийн өмчийн нэг цэцэрлэг, 148 аж ахуй нэгж, төрийн өмчийн сургуульгүй үйл ажиллагаа явуулж байна.

Төрийн байгууллагын анхан шатны нэгжийн хувьд иргэдэд анхан шатны төрийн үйлчилгээг нэг цэгийн үйлчилгээгээр хүргэсээр ирсэн билээ. Манай хороо 1979 оны есдүгээр сарын 21-нд III хороолол гэж анх ашиглалтад ороход Октябрын районы 26 дугаар хороо нэртэйгээр байгуулагдсан түүхтэй. 1987-1990 онд тус районы 25, 26, 27 дугаар хороодыг нэгтгэн шинэ байдлаар хороо-захиргаа байгуулан туршилтын журмаар ажиллуулсан юм. 1990 онд дээрх гурван хороог буцаан тусгаарласан. 1992 онд Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль үйлчилж эхэлснээр нийслэл, дүүрэг, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн шинэ зохион байгуулалтад орж Октябрын район нь Баянгол, Сонгинохайрхан дүүрэгт хуваагдахад тус хороо нь Баянгол дүүргийн 14 дүгээр хороо болжээ. Тус хороо нь анх 18 дугаар байрны 30 тоотод үйл ажиллагаа явуулж байгаад 2006 онд шинэ байранд орж ажиллаж эхэлсэн байна.

1979-1990 он хүртэл хороо Захиргааны даргаар С.Ром, Ц.Бор, Иргэдийн нийтийн хурлын тэргүүлэгчдийн даргаар Д.Олонбаяр, Б.Сангас, хорооны Засаг даргааг С.Сэржмядаг нар ажиллаж байлаа.

С.Сэржмядаг нь 1989 онд анх хороо захиргаанд орж, 2005 он хүртэл ажиллаж байгаад 14 дүгээр хорооны Засаг даргаар дөрвөн удаа улирч сонгогдон нийт 16 жил ажилласан нэгэн юм. Нийслэл, дүүргийн хороодоос анх удаа иргэдийн өмчийн эсрэг хулгайн гэмт хэргийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх зорилгоор 14 дүгээр хорооны бүх байр, орцонд жижүүр ажиллуулан жижүүрийн байр, цалинг иргэдээр хэлэлцүүлэн шийдвэрлэж чадсан нь Улаанбаатар хотын бүх дүүрэг, хороонд туршлага болон дэлгэрсэн, нийслэлийн хэмжээнд гэмт хэргийн гаралтыг бодитоор бууруулсан анхны хороо юм.

Түүний дараа Засаг даргаар Ш.Нарангэрэл 2007-2012 он хүртэл, 2012 оноос хойш Д.Нансалмаа нар ажиллаж байна. ИНХ-ын даргаар 2012 оноос хойш Л.Долгорсүрэн ажиллаж байна.