17-р хороо

Мэдээг хуваалцах

Танилцуулга

Тус хорооны нутаг дэвсгэр нь эртний түүхийг шингээн хадгалсан шашны голомт гэж хэлж болох юм. Бурхны шашин Монгол нутагт дэлгэрч, сүм хийдүүд баригдаж эхлэх үед дөрвөн их хайрхны дунд Гандантэгчинлин хийд анх байгуулагдсан түүхтэй. Түүнийг дагаад Гандангийн хүрийн ойр орчимд нь лам хуврагууд голлон амьдрах болсноор манай хорооны өнө эртний түүх эхэлнэ.

1838 онд Их хүрээний баруун дэнж дээр V богдын овгийн ордыг барьж, Гандантэгчинлин хийдийг байгуулснаар энэ дэнж дээр хүрээ хийд дагасан олон аймгийн лам нарын хашаа байшин баригдах болж, гэр хорооллоор өргөжжээ. 17 дугаар хорооны нутаг дэвсгэрийн хойд зах болох Ард Аюушийн гудамж бол эрх чөлөө, шударга ёс, дарлал мөлжлөгийн эсрэг цогтой тэмцэгч олноо Ард хэмээн алдаршсан Ховд аймгийн Цэцэг нуурын хөдөлгөөний удирдагч Алдаржавын Аюуш 100 гаруй жилийн өмнө хошуу ноён Маньбадартай заргалдан нийслэл хүрээнд ирээд Гандангийн дэнжид байдаг нутгийн танил нэгэн ламынд сууж байсантай холбоотой нэрлэгдсэн түүхтэй. 1921 оны Ардын хувьсгалын үед ч Д.Сүхбаатар жанжин партизан цэргүүдээ удирдан Нийслэл хүрээнд орж ирэхдээ Тасганы овоог уруудан сүр жавхаатай жагсан орж ирсэн гэдэг.

Тус хороонд олон алдар цолтнууд үеийн үед оршин сууж байсан бөгөөд Х.Гомбожав, Чойгүйнамхай, Леонид Михайлович Емелянов, Б.Дөрвөлжин, Д.Дүгэр, Э.Цэрэндорж, Д.Сүрэнхорлоо зэрэг ахмад дайчдаараа хорооны иргэд бахархдаг.

Анх 1965 онд Октябрын район байгуулагдахад Гандантэгчинлин хийдийн баруун талын Орхоны гудамж, одоогийн IV хорооллын зүүн хэсгийн гэр хорооллыг хамруулан  тус районы орон сууц гудамжны 23 дугаар хороо болгож, орон тооны бус анхны хорины даргаар Түвдэн гэдэг хүн ажиллаж байжээ. Түүний дараа Жамц, Түвшин нараар улбаалсан гэдэг. Орон тооны бус хорины дарга Түвшин нь “Од” кинотеатрын нярав хийдэг байсан. 1973 оноос хорины орон тооны бус даргаар Хайнзансамбуу, Н.Жүгдэн нар ажиллах болсон юм. Орон тооны бус дарга нар нь өдөр үндсэн ажлаа хийгээд орой 18.00-20.00 цагийн хооронд хариуцсан хориныхоо ажлыг хийж байсан гэдэг. Хорины даргаар Н.Жүгдэн 1978-1982 онд ажиллах хугацаандаа 1100 гаруй өрхийн 4800 гаруй хүн ам, иргэдтэй ажиллаж, хорооны ажлыг сайжруулан дүүргийн тэргүүний хороо болгохын зэрэгцээ Байрны олон нийтийн зөвлөл, хэсгийн ахлагч нарыг сонгон шалгаруулж иргэдийн бүртгэл, иргэний үүргийн биелэлтийг өрхөөр тооцсон дэвтэр хэвлүүлэн хөтөлж, гэмт хэрэг зөрчилтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор айл өрхийн дунд хөршийн холбоо тогтоон ажилласан нь үр дүнгээ өгч байжээ.

1979 онд Октябрын районы АДХ-ын Гүйцэтгэх захиргааны даргын захирамжаар хороодын өрх, хүн амын тоог тэгшитгэх, гэр хороолол болон байр хороолол болгохоор 18 дугаар хороонд харъяалагдаж байсан. 34, 35 дугаар байрыг 17 дугаар хороонд, 17 дугаар хорооны Орхоны гудамжны айл өрхийг 16 дугаар хороонд шилжүүлэн, орон сууцны хороо болгосон юм.

Анхны хорины дарга нь одоогийн Орхоны наймдугаар гудамжинд байдаг Улаан буланд ажлаа явуулдаг байсан бол 1978 оноос хуучнаар “Од” кино театр буюу одоогийн “Амьд үг” сүмийн баруун хойд талын жижиг өрөөнд үйл ажиллагаа явуулж байсан түүхтэй. 1981 оноос 34 дүгээр байрны 73 тоот гурван өрөө байранд хороо ажлаа явуулж байгаад 2014 оны нэгдүгээр сард цогцолбор байртай болсон юм. Тус хорооны нутаг дэвсгэрт гэр ахуйн модон эдлэлийн үйлдвэр ажиллаж байсан бөгөөд түүний нэр ард түмний дунд өнөөг хүртэл Модны-2 хэмээн дуудагдсаар байгаа билээ.

Тус хороо 1992 онд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар Баянгол дүүргийн 17 дугаар хороо болон хуваарилагдаж, зохион байгуулагчаар нь П.Эрдэнэчимэг, С.Зоригоо, Г.Цэндтогоо, О.Болормаа нар ажиллаж байсан бол өдгөө Ж.Адъяа ажиллаж байна. Тус хороо 2014 оны байдлаар 20 га нутаг дэвсгэрт 2696 өрхийн 9275 хүн ам амьдарч, 95 барилга байгууламж 160 гаруй аж ахуй нэгж, байгууллага үйл ажиллагаа явуулж буй юм.

2008 оноос эхлэн Засаг дарга, ажлын албаны дарга, хөгжлийн нийгмийн ажилтан, улсын бүртгэгч, халамжийн мэргэжилтэн, хөдөлмөрийн мэргэжилтэн, хэсгийн байцаагч, олон нийтийн цагдаа, ахмадын зөвлөлийн дарга, хэсгийн ахлагч, үйлчлэгч гэсэн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

1992-2015 он хүртэл хугацаанд хорооны Засаг даргаар:

1992-1996 онд Н.Баатаржав

1996-2000 онд Цэдэвмаа

2000-2004 онд Г.Төмөр-Очир

2004-2008 онд Г.Төмөр-Очир

2008-2012 онд Г.Дэлгэрбаяр

2012 оноос Ж.Бор

1992-2015 он хүртэл хорооны ИНХ-ын даргаар:

1992-1996 онд Л.Цэвэгдорж

1996-2000 онд Жаргалсайхан

2000-2004 онд Юмжав

2004-2008 онд С.Хорлоо

2008-2012 онд С.Нэргүйдаваа

2012 оноос С.Нэргүйдаваа ажиллаж байна.