19-р хороо

Мэдээг хуваалцах

Танилцуулга

БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн 1965 оны дөрөвдүгээр сарын 14-ний 79  дүгээр зарлигаар Улаанбаатар хотын АДХ-ын харьяа есөн хороо, захиргааг татан буулгаж Найрамдал, Сүхбаатар, Октябрь, Ажилчны район гэсэн дөрвөн район шинээр байгуулахдаа Октябрийн районы Орон сууц гудамжниы 24  дүгээр хороог анх байгуулснаар тус хорооны түүх эхэлдэг. Ардчилал, шинэчлэл өрнөсөн 1990-ээд оны эхээр хотын дүүргүүдийн засаг захиргааны байгууллагуудын ажлын ачааллыг жигдлэх, үйлдвэрлэл, үйлчилгээний  байгууллагуудын хэт төвлөрлийг сааруулах зорилгоор Октябрийн районыг Сонгинохайрхан, Баянгол дүүрэг гэсэн хоёр дүүрэг болгон зохион байгуулсан билээ. 

Ийнхүү  Улаанбаатар хотын баруун дүүргийн Найрамдалын нарлаг дэнжид иж бүрэн хороолол ашиглалтад орж, 1983 оны аравдугаар сард Октябрийн районы Орон сууц гудамжны 24 дүгээр хороо  одоогийн Баянгол дүүргийн 19 дүгээр хороо болсон юм.   Эдүгээ тус хороонд орон суууцны 24 байр, 55 орцны 1539 өрхийн 5917 хүн амтай, тус хороонд үйл ажиллагаа явуулдаг 88 аж ахуйн нэгж байгууллагатай, одоогийн IV хороололд баруун талаараа Чингүнжав, өмнө хэсгээрээ Дилав хутагт Жамсранжавын гудамжаар, зүүн талаараа хүнсний төрөлжсөн “Хороолол”, “Таван-Эрдэнэ” худалдааны төвөөр, хойд талаараа Энэбишийн өргөн чөлөөгөөр хиллэн нийт 26.2 га нутаг дэвсгэрийг эзлэн оршиж байна.

Тус хороо нь 2003 оны ажлаараа  нийслэлийн бүх хороодыг тэргүүлж “Тэргүүний хороо”-гоор шалгарсан сайхан уламжлалтай. 2013-2014 он Баянгол дүүргийн 19 дүгээр хорооныхон ололт амжилт дүүрэн, өөрчлөлт шинэчлэлт ихтэй жилүүд байв. Тус хорооны албан хаагчид нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг бүртгэлжүүлж, эрүүл аюулгүй байдлын индексийг тооцон, өрхийн амьжиргааны түвшинг тогтоож, иргэдийнхээ дуу хоолой, санаа бодолд тулгуурлан үйл ажиллагаа явуулснаар ажил нь илүү үр дүнд хүрчээ.