3-р хороо

Мэдээг хуваалцах

Танилцуулга

Тус хороо нь 1965 онд Октябрын районы Төмөр замын 3 дугаар хороо нэртэйгээр анх байгуулагдсан түүхтэй. Баянгол дүүргийн 3 дугаар хороо нь урд талаараа Шүүхийн гудамжаар 1 дүгээр хороо, Дунд голоор Хан-Уул дүүрэг, баруун талаараа 1 дүгээр хороо, хойд талаараа 2 дугаар хороотой, зүүн талаараа Үндсэн хуулийн гудамжаар Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороотой хиллэдэг.

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг үндэслэн 1992 оны аравдугаар сараас Октябрын районы Төмөр замын гуравдугаар хороо нь Баянгол дүүргийн гуравдугаар хороо болон зохион байгуулагджээ.

Тус хороо нь 107.9 га нутаг дэвсгэртэй, нийтийн болон амины орон сууцны 63 байрны 2190 өрхийн 8594 иргэнтэй. Байгуулагдсанаас хойшхи 50 жилийн хугацаанд хүн амын нягтрал бүхий томоохон хороо болон өргөжив.

Октябрын районы Төмөр замын 3 дугаар хороо нь дангийн 143 дугаар байранд анх үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд хорооны ажлын алба, цагдаагийн хэсэг, өрхийн эмнэлэг, чийрэгжүүлэлтийн танхим бүхий цогцолбор байр нь 2007 оны арваннэгдүгээр сард ашиглалтад орсноор төрийн үйлчилгээг нэг цэгээс иргэдэд хүргэх боломжтой болсон юм.

Тус хороо нь нутаг дэвсгэрт төрийн болон хувийн өмчит 150 гаруй аж ахуй нэгж байгууллага, Сууц өмчлөгчдийн холбоо үйл ажиллагаа явуулж байна. Төрийн өмчийн 100, 180 дугаар цэцэрлэг, 73 дугаар дунд сургууль, ТӨХ-Улаанбаатар Дулааны сүлжээ ТӨХК, ХХХСҮТ, УБТЗ-ын Удирдах газар, Тээврийн прокурорын газар, Төмөр зам дахь Цагдаагийн хэлтэс, Хүүхэд гэр бүл хөгжлийн төв, Цагдаагийн газрын автобааз зэрэг төрийн, “Уранган”, “Буян”, “Барс импекс”, “Монгол цонх” зэрэг хувийн хэвшлийн аж ахуй нэгж байгууллага хорооны нутагт байрладаг. 2014 онд “Нарны хороолол” хэмээх томоохон цогцолбор ашиглалтад орсон бөгөөд 1-13 дугаар байранд 600 орчим айл оршин сууж буй юм.

Манай хороонд Хөдөлмөрийн баатар Л.Ойдовням, С.Доржнамжил, ардын жүжигчин Ө.Баярмагнай, гавьяат жүжигчин С.Отгонням, гавьяат багш Ц.Чулуунбат, гавьяат тээвэрчин Ё.Баяраа, үйлчилгээний гавьяат ажилтан Ж.Бадраа, байгаль орчны гавьяат ажилтан Л.Мягмар, ахмад дайчин О.Аюуш, С.Базаржав, С.Батсүх, хүндэт донор П.Дашцэрэн, Т.Баттулга, Р.Даш-Осор тэргүүтэй алдар цолтнууд амьдардаг.

Энэ 50 жилийн хугацаанд хорооны Засаг даргаар:

1965-1976 онд Н.Чинбат

1976-1988 онд Л.Цэрэнчимэд

1989-1995 онд Д.Өлзий

1995-1998 онд Э.Эрдэнэцэцэг

1999-2007 онд Ж.Лхамжав

2007-2008 онд Г.Дашравдан

2008-2012 онд Д.Бахдамбаяр

2012-2014 онд Б.Ганболд

2015 оноос Ч.Бямбадорж нар ажиллав.