4-р хороо

Мэдээг хуваалцах

Танилцуулга

Баянгол дүүргийн 4 дүгээр хороо нь БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 1965 оны дөрөвдүгээр сарын 14-ний 79 дүгээр зарлигаар Октябрын районы 12 дугаар хороо нэртэйгээр анх зохион байгуулагдаж үйл ажиллагаагаа эхэлсэн түүхтэй. 1977 онд болсон Засаг захиргааны өөрчлөлтийн дагуу дээрх хороо нь Октябрын районы 25 дугаар хороо нэртэйгээр шинээр зохион байгуулагдсан байна.

Монгол Улсад шинэ Үндсэн хууль батлагдаж, улмаар УИХ-аас 1992 онд Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг батлан гаргаж, мөн оны наймдугаар сарын 18-ны 18 дугаар тогтоолоор Октябрын район нь Баянгол, Сонгинохайрхан дүүрэг болж хоёр хуваагдан Октябрын районы 28 дугаар хороо нь 1992 оны аравдугаар сараас Баянгол дүүргийн 4 дүгээр хороо нэртэйгээр зохион байгуулагдан өнөөг хүртэл төрийн үйлчилгээг иргэдэд хүргэж байна.

Одоогийн 4 дүгээр хороо нь Октябрын районы 12 дугаар хороо нэртэй байхад анхны даргаар нь Гунгаажав гэдэг хүн ажиллаж байсан бөгөөд 1986 он хүртэл хорооны бүтэц зохион байгуулалт нь хорооны даргаас өөр батлагдсан орон тоогүй байжээ. Хорооны дарга нь харъяалагдах орон сууцны дарга нарыг сайн дурын ажилтнаар бүртгэн авч ажлаа төлөвлөн ажил үүргээ явуулдаг байсан аж. Тухайн үед тус хороо нь 1200 гаруй өрхийн 8000 гаруй хүн амтай, 77 аж ахуй нэгж байгууллагатай, орон сууцны дан давхар нийлсэн 69 байртай, 86 орцтой. Нийт байрны 80 хувь нь Улаанбаатар төмөр замын харъяа, 20 хувь нь улсын байр байжээ.

Тус хороо нь баруун тал нь Гурвалжингийн гүүр, урд тал нь Дунд гол, зүүн тал нь Варьете чуулга, хойд тал нь Энхтайвны өргөн чөлөө хүртэлх газрыг хамарсан дүүрэг дотроо хамгийн том нутаг дэвсгэртэй нь юм. Одоогоор тус хороо нь 196.6 га нутаг дэвсгэртэй, 3502 өрхийн 13283 хүн амтай нийслэлийн эдийн засаг, бүтээн байгуулалтад чухал үүрэгтэй хөнгөн хүнс, барилга, барилгын материал, төмөр замын болон автотээвэр, худалдаа хангамжийн байгууллагууд зонхилсон бүтэцтэй нийслэлдээ томоохонд тооцогдох хороо болон өргөжжээ.

Хорооны Засаг дарга нар

  1. Гунгаажав 1965-1977
  2. Буян 1977-1978
  3. Мөнхөө 1978-1984
  4. Ороолон 1984-1986
  5. Балган 1986-1997
  6. Бямбацэрэн 1997-2000
  7. Эрдэнэчимэг 2004-2010
  8. Батмөнх 2010-2012
  9. Д.Дорждулам 2013 оноос өнөөг хүртэл ажиллаж байна.