Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрөө дүүргийн ИТХ-д өргөн барихын өмнө Дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа, БГД-ийн Засаг даргын орлогч Д.Мөнхбаатар, Засаг даргын зөвлөх Ж.Баатар нарын хамт БГД-ийн нутаг дэвсгэрт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй бүтээн байгуулалтын ажлуудтай танилцсан юм.
Эдгээрт 300 суудал бүхий Агро паркийн Эко сургалтын төвийн барилга, Баянгол дүүргийн Архивын хэлтсийн барилга, Баянгол дүүргийн түрээсийн орон сууцны барилга, Баянгол дүүргийн 34-р цэцэрлэгийн барилга болон, Баянгол дүүргийн “Спорт цогцолбор”-ын барилгууд тус тус хамрагдлаа.
Баянгол дүүргийн Архивын хэлтсийн барилга
Агро паркийн Эко сургалтын төвийн барилга
Баянгол дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баянгол агро парк”-ОНӨТҮГ-ын барилгыг улсын комисст хүлээлгэж өгөх бэлтгэл ажлыг хангах, байгууламжийн үйл ажиллагааг эхлэх, жигдрүүлэхтэй холбогдуулан 2021 оны дүүргийн төсөв, төлөвлөгөөнд тавилга, эд хогшил, сургалтын хэрэглэгдэхүүний зардлыг тусгах, гадаах хүлэмжийг дүүргийн хүүхэд багачуудад эко боловсрол олгох сургалтын төв болгож, ботаникийн чиглэлээр хөгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөгөө батлан хэрэгжүүлэхийг холбогдох хүмүүст үүрэг болгосон.
Мөн Баянгол дүүргийн “Архивын хэлтэс”-ийн барилга, “Баянгол шинэ өргөө” ОНӨААТҮГ-ын барилгыг дулааны нэгдсэн шугамд холбох хүсэлтийн дагуу хамгийн ойр байрлаж буй төвийн дулааны шугамын байршилтай танилцаж, 2021 оны дүүргийн төсөвт дулааны шугам сүлжээтэй холбоотой гарах зардлыг тусган Баянгол дүүргийн ИТХ-аар хэлэлцүүлэх талаар ИТХ-ын дарга Б.Сэмжидмаатай зөвлөлдөж, холбогдох газар, хэлтсийн дарга нарт чиглэл өгсөн юм.
Үүний дараа Баянгол дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “Түрээсийн орон сууц”-ны барилгын ажлын явцтай танилцсан. “Корона вируст /Ковид 19/ цар тахалтай холбоотой төсвийн хүндрэлээс үүдэн түрээсийн орон сууцны барилгын ажлыг цааш үргэлжлүүлэх боломж хомс байна. Энэ талаар Нийслэлийн орон сууцны корпорац эсвэл энэ чиг үүргийг хариуцсан улсын холбогдох газар, нэгжид шилжүүлэх хувилбар байж болох эсэхийн судална” хэмээн БГД-ийн Засаг дарга Ө.Сумъяабаатар хэлээд дүүргийн ИТХ-д асуудлыг танилцуулж санал солилцохоо мэдэгдсэн.
Түүнчлэн БГД-ийн 20-р хорооны 34-р цэцэрлэгийн барилгын ажилтай танилцаж, тулгамдаж буй асуудлуудыг холбогдох салбарын яаманд уламжлан, энэ талаар анхаарч ажиллахаар боллоо.
Мөн БГД-ийн 15-р хорооны нутаг дэвсгэрт 2021 онд ашиглалтад орох “Спорт цогцолбор”-ын барилгын үйл явцтай танилцаж Коронавируст /Ковид-19/ цар тахлын хөл хорио цуцлагдахад гүйцэтгэлийн ажлыг эрчимжүүлж, үйл ажиллагаа эхлэхээс өмнө бүтэц орон тоогоо батлуулж, материаллаг баазаа бүрдүүлэх чиглэлд анхаарч ажиллах үүрэг өгсөн юм.