Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны хоёрдугаар сарын 05-ны өдрийн 14 дүгээр зарлигийг үндэслэн өнөөдөр Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газарт төрийн дээд одон, медаль гардуулах ёслолын ажиллагаа зохион байгуулагдлаа. Уг арга хэмжээг Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар нээн үг хэллээ.
Тэрбээр “Хөдөлмөр, бүтээлээ Монгол төрдөө үнэлүүлэн төрийн дээд одон, медалиар шагнагдаж буй Баянгол дүүргийн эрхэм ахмадууд, хүндэт оршин суугчид та бүхэндээ чин сэтгэлээсээ баяр хүргэе! 2021 онд Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жилийн тэгш ой тохиож буй энэ онцгой жил, манай дүүрэг ч бас 56 жилийн ойгоо угтаж байна. Ардын хувьсгал ялснаас хойшхи 100 жилийн түүхтэй хамаатах он жилүүдийн гэрч, тусгаар тогтнолын баталгаа, улс орны бүтээн байгуулалтын нэгэн хэсэг, 21-р зууны дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэх техник технологийн үсрэнгүй хөгжлийг авчрахад үнэтэй хувь нэмэр оруулсан та бүхний хөдөлмөр зүтгэл ийнхүү Монгол төрдөө үнэлэгдлээ.
Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрладаг 3, 4, 10-р хороолол, Төмөр зам, Нэгдсэн эмнэлгүүд, Цахилгаан станцуудуудын бүтээн байгуулалтуудад, мөн салбар салбарынхаа ажил үйлсэд гар бие оролцон манлайлж, энэ хотын нэгэн хэсгийг өөрсдийн гараар бүтээж байгуулсан ахмадууд та бүхэнтэйгээ энэ өдөр уулзаж байгаадаа баяртай байна. Боловсролын салбар, эрүүл мэндийн салбар, дэд бүтэц, барилга, зам тээвэр, хөнгөн үйлдвэр, бизнесийн салбар зэрэг бүхий чиглэлд амжилттай ажиллаж, хөдөлмөр бүтээмжээ төр засагтаа үнэлүүлж буй та бүхнээрээ бахархаж буйгаа илэрхийлье.
Манай дүүрэг засаг захиргааны нэгжийн хувьд 25 хороотой, 220 мянга гаруй хүн амтай болжээ. Та бүхнийхээ баярт энэ өдөр дүүргийнхээ нийт иргэдийн өмнөөс, Засаг даргын зөвлөлийн нэрийн өмнөөс дахин баяр хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Өнгөрөгч орон нутгийн сонгуулиар Баянгол дүүргийн удирдлага шинээр сонгогдож, гурван сарыг үдлээ. Дүүргийн удирдлагын баг ирэх дөрвөн жилийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг боловсруулж, ИТХ-аар хэлэлцүүлэн батлуулсан. 2021 онд хийж хэрэгжүүлэх олон ажил биднийг хүлээж байна. Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалсан цөөнгүй ажлуудыг богино хугацаанд амжилттай зохион байгууллаа. Дүүргийн хэмжээнд коронавирусын эсрэг вакцинжуулалтын ажил эхэлсэн. Өчигдөр БГД-ийн эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд вакцинд хамрагдаж эхэлсэн бол ирэх долоо хоногоос ахмадуудаа хамруулна. Хуваарийн дагуу салбар салбараараа энэ аянд нэгдээд явна. Монголчууд бидний өмнө хүн амынхаа дийлэнх хувийг өвчлөлөөс сэргийлэх нийтийн том зорилго байна. Харин Баянгол дүүрэг 2021 онд бүтээн байгуулалт, тохижилтын ажлуудыг өрнүүлж, төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэхэд анхаарч ажиллах болно” хэмээн онцолсон юм.
Шагналыг Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, дүүргийн ЗДТГ-ын дарга Б.Нарангэрэл, Засаг даргын орлогч Д.Мөнхбаатар, Засаг даргын орлогч Д.Жаргалсүрэн нар гардуулж өглөө. Төрийн дээд одон, медаль болох “Хөдөлмөрийн хүндэт” медаль 22, “Алтан гадас” одон 54, “Хөдөлмөрийн гавъяаны Улаан тугийн одон” 14, “Цэргийн гавъяаны улаан тугийн одон”-оор нэг нийт 91 хүнийг шагнав.
\