Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар өнөөдөр дүүргийн Татварын хэлтэст ажиллалаа. Дүүргийн Татварын хэлтсийн дарга Ү.Амартүвшин улс, нийслэл, дүүргийн төсвийн орлого бүрдүүлэлт, татвар хураамжийн талаар мэдээлэл хийв. Засаг дарга Ө.Сумъяабаатар татвар хураалтыг нэмэгдүүлэх чиглэлээр харьяа хэлтэс, албадууд хамтран ажлын уялдаа холбоог сайжруулахад онцгойлон анхаарахыг сануулж, дараах үүрэг чиглэлүүд өглөө.
Үүнд:
-Дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс, Татварын хэлтсийн мэдээлэл солилцох уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах
-Өмнөх жилүүдэд дүүргийн төсвөөс татаас авч байсан “Баянгол Шинэ өргөө” ОНӨАТҮГ-ын хог хаягдлын хураамж, бүрдүүлэлтийг нэмэгдүүлэх, гэрээний мэргэжилтнүүдийг шинэ менежментээр ажиллуулах чиглэлийн хүрээнд “Баянгол Шинэ өргөө” ОНӨАТҮГ, Тохижилт, нийтийн аж ахуй хэлтэс, Татварын хэлтсүүд хамтран ажлын хэсэг гарган, төлөвлөгөө боловсруулах
-Дүүргийн Газрын алба иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын үл хөдлөх хөрөнгийн мэдээлэлд шинэчлэлт хийж, өргөтгөсөн дата мэдээллээр Татварын хэлтсийг хангах, Газрын төлбөр төлдөггүй аж ахуйн нэгжүүдийн гэрээг дүгнэж, зохих шаардлагыг тавьж ажиллах
-Жижиглэн худалдаа эрхлэгчдийн орлогоос татварт ногдох хувь хэмжээг боломжит хувилбараар судлах, QR кодын бүртгэлийг сайжруулж, иргэдэд И-баримт олгох чиглэлд анхаарах.
-Дүүргийн 25 хорооны 280-аад хэсгийн ахлагчийн ажлын байрны тодорхойлолтод татвар төлөгч, иргэн ААН, байгууллагуудын судалгаанд хамтарч ажиллах чиг үүргийг тусгах
-Коронавируст халдварын нөхцөл байдлаас шалтгаалсан “Эдийн засгийн хүндэл” нэрийн дор татварыг хийдүүлэхгүй байхад анхаарч ажиллахыг холбогдох албаныханд тус тус үүрэг болгов.