Нийслэлийн Засаг дарга “Алтан намар” төмс, хүнсний ногооны үзэсгэлэн худалдаа зохион байгуулахыг холбогдох албаныханд үүрэг болгосон. Энэ дагуу нийслэлийн есөн дүүргийн 24 байршилд төмс, хүнсний ногооны үзэсгэлэн худалдаа зохион байгуулах юм. Энэ ажлын хүрээнд Нийслэлийн Захирагчийн ажлын алба болон Баянгол дүүргээс эх орныхоо хөрсөнд төмс, хүнсний ногоо тариалсан ногоочдоо дэмжин Төмөр замын вокзалын баруун талд буюу хуучнаар 1000 автомашины зогсоол дээр шинэ ургацын ногоогоо худалдаалах боломжоор хангалаа. Энэ талаар Баянгол дүүргийн Засаг даргын орлогч Д.Мөнхбаатараас тодрууллаа.
-Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр болон дүүргийн удирдлагууд та бүхэн өнөөдөр шуурхай арга хэмжээ авч ажилласнаар хүнсний ногоо эрхлэгчид “Алтан намар” арга хэмжээний хүрээнд 1000 авто машины зогсоол дээр худалдаа хийх боломж бүрдсэн байна. Энд нийт хэчнээн иргэн, аж ахуй нэгж худалдаа эрхлэх боломжтой вэ?
-Дөнгөж сая Нийслэлийн Захирагчийн ажлын алба, Баянгол дүүргийн ЗДТГ-аас “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн удирдлагуудтай шуурхай ярилцаж энэ асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ. Тодруулбал, манай дүүргээс Төмөр замын вокзалын баруун талд байрлах 1000 автомашины зогсоол дээр хүсний ногооны үзэсгэлэн, худалдаа зохион байгуулах саналаа “Улаанбаатар төмөр зам” ХНН-т хүргүүлээд байсан. Улмаар энэ асуудал удааширснаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр ирсэн. Ингээд хамтдаа "Улаанбаатар төмөр зам” ХНН-ийнхэнтэй газар дээр нь ажилласнаар асуудлыг шийдэж, хүнсний ногооны худалдаа эрхлэгчид маань одоо Төмөр замын вокзалын баруун талд байрлах 1000 автомашины зогсоолд ногоогоо худалдан борлуулж байна. Энэ зогсоол нийтдээ 12700 мкв талбайтай бөгөөд 110 иргэн, аж ахуй нэгжийг хүнсний ногоогоо худалдан борлуулах боломжтой юм. Өөрөөр хэлбэл, нэг ногоочинд 16 ам метр талбай ногдоно.
-Тэгэхээр Барс захын ард болон нийтийн эзэмшлийн гудамж талбайд хүнсний ногоо худалдаалж байсан иргэд бүгд 1000 автомашины зогсоолд байрлаж, ногоогоо худалдан борлуулах боломж нээгдлээ гэсэн үг үү?
-Тийм. "Барс" зах болон вокзалын орчимд, төв зам дагуу, гадаа гудамжинд халдвар хамгааллын дэглэм зөрчин худалдаа эрхэлж байсан ногооны худалдаа эрхлэгчид нэгдсэн байдлаар шаардлага хангасан газарт худалдаа эрхлэх боломж бүрдэж байна. Яг одоо тэдгээр хүмүүс энэ талбай руу нүүн очиж хүнсний ногоогоо худалдаалж эхлээд байна.
-Цар тахал гарсан, хүмүүсийн орлого харилцан адилгүй, амаргүй байна. Энд худалдаа эрхэлж байгаа иргэн, аж ахуй нэгжүүд түрээсийн төлбөр төлөх үү?
-Худалдаа эрхэлж байгаа ногоочидтойгоо ямар нэг түрээсийн гэрээ байгуулахгүй. Харин Хариуцлагын гэрээг байгуулна. Хариуцлагын гэрээнд худалдаа хийж буй иргэдээ дархлаажуулалтын хоёр тундаа хамрагдсан байх шаардлага тавьж байгаа. Мөн цар тахал гарсан, халдвар хамгааллын дэглэм сахих зайлшгүй шаардлага гарч ирж байгаа учраас ариун цэврийг сахиулах үүднээс хог хаягдлыг тухай бүрт нь ачуулж ажиллана. Гурван био 00 ашиглана. Мөн мэргэжлийн байгууллагууд ариутгал халдваргүйтгэлийг тогтоосон хугацаанд, тогтмол хийх бөгөөд энэ ашиглалтын зардлыг л ногоочдоос авна. Энэ нь цар тахал гарсан энэ амаргүй үед үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжиж байгаа дэмжлэг юм.
-Ногоочид хэдий хугацаанд энд байрлаж худалдаа хийх боломжтой вэ?
-Ирэх арваннэгдүгээр сарын 15 хүртэл энд байрлаж, эх орныхоо хөрсөнд ногоо тарьж ургуулсан бүтээгдэхүүнээ худалдан борлуулах боломжтой юм. Иймд нийслэлчүүд та бүхэн ногоочдоо дэмжин эх орныхоо хөрсөнд тарьж ургуулсан шинэхэн төмс, хүнсний ногоогоо худалдан аваарай.