Баянгол дүүргийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Баянгол-Эрүүл иргэн”, “Баянгол-Хүүхэд хэрэглэгч”, “Баянгол-Залуучуудын хөгжил” “Баянгол-Цахим сургууль”, “Баянгол-Чадварлаг багш” гэсэн таван дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тусгасан.
Тэгвэл “Баянгол-Эрүүл иргэн” хөтөлбөрийн хүрээнд дүүргийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтэс, Баянгол дүүргийн Улаан загалмайн хороотой хамтран “Осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, яаралтай тусламжийн анхан шатны мэдлэг олгох сургалтыг өнөөдөр /2021.11.18/ дүүргийн 25 хорооны нийгмийн ажилтнуудын дунд зохион байгууллаа.
Учир нь, улсын хэмжээнд 2020 оны байдлаар түргэн тусламжийн үйлчилгээний 20.6 хувийг осол гэмтэлтэй холбоотой дуудлага эзэлж байгаа нь өмнөх оныхоос 2 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. Мөн Баянгол дүүргийн хэмжээнд 10.000 хүн ам тутмын 6.4 нь осол гэмтлийн улмаас нас барсан гэсэн тоон мэдээлэл байгаа нь хүн бүхэнд анхны тусламж үзүүлэх ойлголт, чадвар шаардлагатай гэдэг нь харагдаж байна. Тиймээс Нийгмийн хөгжлийн хэлтэс, Улаан загалмайн хороотой хамтран иргэдтэй хамгийн ойр ажилладаг Өрхийн эрүүл мэндийн төв, хороодын албан хаагчид тэр дундаа нийгмийн ажилтнуудад яаралтай тусламжийн анхан шатны ойлголт, анхны тусламж үзүүлэх чадварыг эзэмшүүлэх зорилгоор энэхүү сургалтыг зохион байгууллаа.