Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Иргэдэд үйлчлэх төвийн хамт олон дүүргийн 21 дүгээр хороонд амьдардаг 6 хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэйг өөрийн гэртээ болоход нь тусаллаа.
Тодруулбал, Баянгол дүүргийн иргэн Л.Энхжаргал жил бүр өөрийнхөө төрсөн өдрөөр амьдралын боломж тааруу, өрх толгойлсон ээж, аавуудад тусалдаг юм байна. Улмаар энэ жилийн төрсөн өдрөө тохиолдуулан өөрийн цахим хуудастаа “Өрх толгойлсон, өөрийн гэсэн орон гэргүй, түрээсээр амьдардаг, дөрвөөс дээш хүүхэдтэй Ээжид тусална” гэсэн зарыг оруулсан байна. Энэ зарын дагуу дүүргийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Иргэдэд үйлчлэх төвийн дарга Д.Болормаа дүүргийнхээ гэр хорооллын хорооны Засаг дарга нартай холбогдож мэдээлэл авсны үндсэн дээр 21 дүгээр хорооны 6 хүүхэдтэй ээж А.Энхжаргалын өмнөөс тухайн иргэн рүү захидал бичжээ. Улмаар иргэн Л.Энхжаргал эргэн холбогдож “200-гаад захидал ирснээс таны бичсэн захидал шалгарлаа” гэснээр өрх толгойлсон 6 хүүхдийн ээж Ө.Энхжаргалыг 5 ханатай өргөө цагаан гэртээ болгожээ. Энэ үйл ажиллагаанд Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны Засаг дарга, ажлын албаныхан идэвхтэй оролцсон юм.
Түүнчлэн дүүргийн Иргэдэд үйлчлэх төвийнхөн 6 хүүхдийн ээж А.Энхжаргалтай үргэлж холбоотой байдаг бөгөөд хууль зүйн зөвлөгөө туслалцаа байнга үзүүлж ажилладаг юм.
САЙН ҮЙЛС БҮХЭН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ