Баянгол дүүргийн Удирдах ажилтнууд /2022.01.04/ шинэ оны анхны хуралдаанаа танхимаар зохион байгууллаа.
Хуралдаанд дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, Засаг даргын орлогч Г.Нарангэрэл, ЗДТГ-ын дарга Б.Нарангэрэл, дүүргийн удирдах ажилтнууд болон харьяа хэлтсийн дарга нар мөн 25 хорооны Засаг дарга нар оролцлоо.
Хуралдааны эхэнд дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар нийт удирдах ажилтнууддаа ажлын амжилт хүсээд Баянгол дүүрэгт 2022 он болон энэ оны эхний улиралд хийгдэх ажлын талаар мэдээлэл өгч санал солилцлоо.
Дүүргийн Удирдах ажилтнууд чуулж, нэгдсэн төлөвлөгөөгөө гаргана
Баянгол дүүргийн Удирдах ажилтны зөвлөгөөнийг нэгдүгээр сарын 20-нд зохион байгуулахаар болсон. Үүнтэй холбоотойгоор дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар ЗДТГ-ын үндсэн болон харьяа хэлтсийн дарга нарыг холбогдох бэлтгэл ажлыг хангахыг үүрэг болголоо. Ингэхдээ тэрбээр “Өмнө нь ямар нэг ажил хийлээ гэхэд мэдээлэл хомс, хамтын уялдаа холбоо тааруу, нэгдсэн төлөвлөгөөгүй зэргээс болж алдаа дутагдал гардаг байсан. Энэ жилээс тийм алдаа гаргахгүй. Оны эхнээс хоорондоо уялдаа холбоотой, зөв зохион байгуулалттай ажиллах хэрэгтэй. Энэ сарын 20-нд болох дүүргийн Удирдах ажилтнуудын зөвлөгөөн дээр дүүргийн үндсэн болон харьяа хэлтсүүд 2022 онд хийх ажлын төлөвлөгөөний хүрээнд харилцан мэдээлэл солилцож, календарьчилсан төлөвлөгөө гаргана. Иймд ЗДТГ-ын үндсэн болон харьяа хэлтсүүд, 25 хорооны Засаг дарга нар 2022 оны хийх ажлын ерөнхий төлөвлөгөөний зураглалаа гаргаж нэгдүгээр сарын 10-ны дотор ЗДТГ-т ирүүлэх шаардлагатай. Ингэхдээ тухайн онд хийх онцлог ажлуудаа тусгаарай. Мөн хороодын Засаг дарга нар 2022 онд хийх хөрөнгө оруулалтын ажлын хүрээнд хороондоо хийх бүтээн байгуулалтын ажлын саналаа ирүүлнэ. Мэдээллээ ингэж харилцсан солилцож хоорондоо уялдаа холбоотой ажилласнаар бидний ажлын үр дүн харагдах болно” гэсэн юм.
Түүнчлэн Баянгол дүүрэгт энэ онд шинээр 9 хороо байгуулахаар болсон. Энэ оны нэгдүгээр улиралд 4 хороог байгуулахаар холбогдох бэлтгэл ажлыг хангаж ажиллаж байгаа юм.
Жижиг дунд бизнес эрхлэгчдээ дэмжих үзэсгэлэн худалдааг зохион байгуулна
Баянгол дүүрэг 2022 онд жижиг дунд бизнес эрхлэгчдээ дэмжих жил болгон зарласан. Үүнтэй холбоотойгоор Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс болон дүүргийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвийн удирдлагуудад зарим үүрэг чиглэлийг өглөө. Тодруулбал, дүүргийн хэмжээнд жижиг дунд, бизнес эрхлэгчдийн нэгдсэн судалгааг гаргах, сар шинийн өмнө бүгдийг нь оролцуулсан уулзалт зөвлөгөөнийг зохион байгуулах, уулзалтаас гарсан санал, санаачилгыг төлөвлөгөөндөө тусгах шаардлагатай. Уулзалт зөвлөгөөний үеэр дүүргийн Татвар, Нийгмийн даатгал, Хөдөлмөр халамж, үйлчилгээ болон Мэргэжлийн хяналтын хэлтсийнхэн бизнес эрхлэгчдэд холбогдох мэдээллийг өгсөн нь зөв. Мөн уулзалтаас гарсан санал санаачилгыг нэгтгэж цаашдын үйл ажиллагаандаа тусгаад хэрэгжүүлээд явах нь зүйтэй болов уу” гэсэн юм. Түүнчлэн удахгүй болох сар шинийн баярын өмнө жижиг дунд бизнес эрхлэгчдээ дэмжиж үзэсгэлэн худалдаа зохион байгуулахаар боллоо.
Чөлөөлсөн газар дээр авто зогсоол, ногоон байгууламж байгуулна
Баянгол дүүрэгт 2022 онд газар чөлөөлөлтийн ажлын хүрээнд 1000 орчим гарааш чөлөөлнө. Үүнтэй холбоотойгоор дүүргийн Засаг дарга дүүргийн Газар зохион байгуулалтын алба болон хороодын Засаг дарга нарт зарим үүрэг даалгаврыг өгсөн. Ингэхдээ Газар зохион байгуулалтын албанаас энэ онд гэр хороололд хэчнээн байршилд газар чөлөөлөх, дүүргийн хэмжээнд хаана, ямар байршилд газар чөлөөлөх талаар бүсчилсэн төлөвлөгөөгөө гарга. Мөн хороодын Засаг дарга нар гарааш чөлөөлөлтийн талаарх судалгаа, мэдээллээ гаргаж Газар зохион байгуулалтын албаныханд өгөх шаардлагатай. Ингэж нэгдсэн төлөвлөгөө, уялдаа холбоотой ажиллана. Түүнчлэн гарааш чөлөөлсөн газар дээр авто зогсоол барих, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зэрэг ажлыг хийнэ. Иймд хорооны Засаг дарга нар энэ тухай саналаа дүүргийн Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэст ирүүлээрэй. Мөн гарааш чөлөөлөхөд иргэддээ урьдчилж мэдэгдэл, мэдээлэл хүргүүлэх зэрэг ажлыг хуулийн хүрээнд зохион байгуулж ажиллаарай гэв.
Баянголчууд цэцэрлэгт хүрээлэнтэй болно
Баянгол дүүрэгт энэ онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар томоохон бүтээн байгуулалтын ажлууд өрнөх бөгөөд үүний нэг нь “Баянгол Агро парк” ОНӨТҮГ-ыг цэцэрлэгт хүрээлэн болгох ажил юм. Тус газар нь 55 га газартай ба цэцэрлэгт хүрээлэн болгохтой холбоотойгоор нэрийг нь өөрчилж “Баянгол Цэцэрлэгт хүрээлэн” болгож байгаа юм. Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тохижилтын ажлыг хийнэ. Ингэхдээ сагс болон хөл бөмбөгийн хэд хэдэн талбай байгуулахаас гадна явган хүний зам, усан оргилуур, тоглолт зохион байгуулах задгай талбай зэргийг барихаар зураг төсвийг нь гаргажээ. Үүний зэрэгцээ мод тарих ажил ч үргэлжилнэ гэдгийг дүүргийн Засаг дарга онцолсон. Мөн дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 150 автомашины зогсоол барих бөгөөд цаашдаа улс болон дүүргийн төсвийн хөрөнгө оруулалт гэхгүйгээр төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд тохижилтын ажлыг хийх боломжтой гэж байсан.
Үүнээс гадна дүүргийн 22 дугаар хорооны нутагт байдаг өндөрлөгийг амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх бүс болгоно. Үүний тулд газар чөлөөлөх, хашаа хатгах, ногоон байгууламжийг нэмэх зэрэг ажлыг үе шаттайгаар хийх юм.
Баянгол 2022 онд хоггүй, ногоон дүүрэг болно
Баянгол дүүрэг 2022 онд хоггүй, ногоон дүүрэг болох зорилт тавин ажиллана. Энэ зорилтын хүрээнд өнгөрсөн онд “Баянгол-Шинэ өргөө” ОНӨТҮГ-т дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хог тээврийн 3 автомашин авч өгсөн. Тэгвэл энэ онд 5 автомашинаар парк шинэчлэл хийнэ. Мөн ажилчдынх нь цалинг 30 хувиар нэмэгдүүлсэн бөгөөд дүүргийн Засаг дарга хурлын үеэр “Баянгол-Шинэ өргөө”-гийнхөн энэ онд онцгой үүрэг хүлээж ажиллана шүү хэмээн онцоллоо. Мөн жишиг ногоон дүүрэг болгохын тулд 25 хороод, сургууль, цэцэрлэгүүд, аж аж ахуй нэгжүүд анхаарч ажиллах ёстой гэж байв.
Төсвийн захирагч нарт сургалт явуулна
Түүнчлэн энэ жилээс Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт орсон. Нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжиж буй хуулиар нийслэл, дүүрэг хорооны чиг үүргийг тодорхойлж, нийслэл, дүүрэг чиг үүргээ хэрэгжүүлэхдээ санхүүжилт нь цуг байхаар зохицуулагдсан. Үүнтэй холбоотойгоор Татварын хэлтэс дүүргийн төсвийн 99 хувийг бүрдүүлэхээр болж байгаа юм. Дүүргийн Засаг дарга энэ тухай онцлоод Татварын хэлтэс болон Санхүү төрийн сангийн хэлтэс хамтран орлого бүрдүүлэх тал дээр анхаарч ажиллах, ажлын хэсэг байгуулж сар сардаа ажлаа тайлагнах шаардлагатай. Мөн холбогдох хуульд өөрчлөлт орсонтой холбоотойгоор төсвийн захирагч болон ерөнхий нягтлан бодогч нарт сургалт зохион байгуулаарай гэв.
Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангаж ажиллана
Өвөлжилтийн бэлтгэл ажилд анхаарал хандуулж ажиллахыг дүүргийн удирдах ажилтнуудад үүрэг болголоо. Тодруулбал, дулааны шугам сүлжээнд гэмтэл гарвал яаралтай засварлах, халтиргаатай зам дээр давс, бодис цацахаас гадна дээврийн давхар луу гардаг орц гарцыг түгжээтэй байлгахад анхаарч ажиллах шаардлагатайг дүүргийн Засаг арга онцолсон юм.
Түүнчлэн Хотын дарга төвийн зургаан дүүрэгт оршин суугаа түлшний хомстолтой, зорилтот бүлгийн айл өрхүүдэд сайжруулсан шахмал түлш олгох чиглэлийг холбогдох байгууллагуудад өгсөн. Үүнтэй холбоотойгоор тус халамжийн үйлчилгээг Нийслэлийн Нийгмийн халамжийн газар, Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар, “Таван толгой түлш” ХХК хамтран зохион байгуулахаар болсон юм. Тэгвэл дүүргийн хэмжээнд 749 өрхөд сайжруулсан түлш олгоно. Нэг өрхөд 36 шуудай буюу 7 хоногт 6 шуудай түлш өгөхөөр болсон гэдгийг дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн дарга хэлэв.
Коронавирусын халдвараар өвчлөх хүмүүсийн тоо нэмэгдэж байна
Хурлын үеэр дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар цаг үеийн мэдээллийг өгсөн. Ингэхдээ тэрбээр өмнө нь иргэдээс ПСР шинжилгээ авахад 10 хувьд нь Ковид-19-ийн халдвар илэрч байсан бол одоо 30 хувь болж нэмэгдсэн. Дэлхий дахинд омикроны халдвар эрчимтэй тархаж байна. Манай улсад гадаадаас ирсэн иргэдээс халдвар илрэх нь нэмэгдэж байна. Иймд халдвар хамгааллын дэглэмээ мөрдүүлэх тал дээр бүгд анхаарлаа хандуулж ажиллах шаардлага үүслээ. Түүнчлэн 3 дугаар тунгийн дархлаажуулалтын идэвх муу байна. Шинэ вакцины нөөц ирсэн. Удахгүй сар шинийн баяр болж хүмүүсийн хөл хөдөлгөөн ихэснэ. Иймд иргэдийг дархлаажуулалтад идэвхтэй хамруулахад анхаарч ажиллах шаардлагатай байна гэв.
Мөн энэ үеэр дүүргийн ЗДТГ-ын үндсэн болон харьяа хэлтсийн дарга нар дүүргийн удирдах ажилтнуудад цаг үеийн холбогдох мэдээллийг өгсөн юм.