Баянгол дүүргийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд “Баянгол-Цахим сургууль” арга хэмжээг хэрэгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд цахим болон танхимын хосолсон сургалт зохион байгуулах сургалтын орчныг бүрдүүлэх, цахим мэдээллийн сан үүсгэх ажлыг шат дараатай зохион байгуулан ажиллаж байна.
Тэгвэл “Баянгол-Цахим сургууль” арга хэмжээг хэрэгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Баянгол дүүргийн Эрдмийн ундраа цогцолбор сургуулийг түшиглэн ерөнхий боловсролын 5 сургууль хамтдаа ашиглах боломжтой “Хамтдаа хөгжье-Цахим студи”-ийн нээлтийн үйл ажиллагаа өчигдөр /2022.01.11/ боллоо. Цахим студийн үндсэн зорилго нь бүсийн сургуулийн багш нарын мэдээлэл харилцаа технологийн ур чадварыг сайжруулах, цахим чадавхид суралцах, контент бэлтгэх, цахим хичээлийн санг бүрдүүлэх, баяжуулах сургалтад мэдээллийн технологийг бүрэн ашиглах сургалтын бэлэн байдлыг хангах юм.
“Хамтдаа хөгжье-Цахим студи” -ийн нээлтийн үйл ажиллагаанд Баянгол дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан төслийн удирдагч Д.Жаргалсүрэн, Боловсролын хэлтсийн дарга З.Энхгэрэл болон “Хамтдаа хөгжье” бүсийн ерөнхий боловсролын Эрдмийн ундраа цогцолбор сургууль, 13, 93, 47, 113 дугаар сургуулийн захирал, багш нарын төлөөлөл оролцлоо.
Нээлтийн үйл ажиллагааны үеэр Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан төслийн удирдагч Д.Жаргалсүрэн “Цахим студи байгуулах ажлыг цаашид шат дараатай үргэлжлүүлж бусад бүсийн сургууль дунд жишиг студийг байгуулан цар тахлын үед төдийгүй элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх болон сурлагын хоцрогдлыг арилгахад танхим, цахим хосолсон сургалт зохион байгуулахад багшийн ажиллах нөхцөл, боломжийг сайжруулан ажиллах болно” хэмээн онцоллоо.
Ташрамд дурдахад, “Тогтвортой хөгжлийн боловсрол-II” төслийн хүрээнд Нийслэлийн ерөнхий боловсролын Олон улсын хөтөлбөрт Шинэ эхлэл сургууль нь “Цахим студи” төслийг Баянгол дүүрэгтэй хамтран хэрэгжүүлсэн ба “Хамтдаа хөгжье-Цахим студи” нь тус төслийн хүрээнд төслийн тогтвортой байдлыг хангаж, жишиг загвар болгон тохижуулсан студи юм.