“Гудамж” төслийн хүрээнд нийслэлд 33 уулзвар шинэчлэгдэх бөгөөд үүнээс Баянгол дүүрэгт 16 гудамж, уулзвар багтаж байна. Энэхүү томоохон бүтээн байгуулалтын салхийг хагалж “Өргөө” кинотеатрын дөрвөн замы...н уулзаврыг өнгөрсөн ням гарагт хүлээн авч, нээлтийн тууз хайчиллаа. Энэхүү ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Зам тээврийн сайд А.Гансүх, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ нар оролцсон юм. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэлэхдээ “Өргөө”-гийн замын уулзварыг өдөр шөнөгүй ажиллаж 14-хөн хоногт багтаан хийж чадсан гүйцэтгэгч компанийг сайшаагаад “Саппорогийн тойрог энэ сарын 14 гэхэд ашиглалтад орно” хэмээн мэдэгдэв.
Цаашид Баянгол дүүргийн хувьд 25 дугаар эмийн сангийн уулзвар, Саппорогийн аюулгүйн тойрог, Гэмтлийн эмнэлгийн баруун уулзвар, 3, 4 дүгээр хорооллын эхлэл, эцсийн уулзвар, Төмөр замын дээд сургуулийн урд уулзвар, Модны 2-ын уулзвар, Тасганы овоо гээд нийтдээ 16 уулзвар энэ зундаа багтан шинэчлэгдэх ажээ. Баянгол дүүрэгт 2013 онд улс, нийслэл, дүүрэг, орон нутгийн хөгжлийн сан, “Чингис бонд”, замын сан, Хөгжлийн банк зэрэг эх үүсвэрээс нийтдээ 95.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт орно. Үүнээс автозамын шинэчлэлд 13.7 тэрбум, барилга байгууламжид 12 тэрбум, гэрэлтүүлэгт 2.7 тэрбум зэргээр зарцуулагдах юм. Үүнээс гадна 402.4 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Баянгол дүүргийн гол болон туслах зам, орон сууцны байшин хорооллын дундах автозамын засварын ажил хийгдэх аж.