“Гудамж” төслийн хүрээнд өрнөж буй зам, уулзвар шинэчлэлийн ажлын хоёр дахь том бүтээн байгуулалтыг баянголчууд хүлээн авлаа. Хэдхэн хоногийн өмнө “Өргөө” кинотеатрын уулзвар ашиглалтад орсон бол энэ удаад Саппорогийн дөрвөн замын уулзвараар түүчээлэв.
Хуучнаар Эр зоригийн тойрог хэмээн нэрлэгдээд зогосхгүй автын осол хамгийн их гардаг хэмээн тодорхойлогдоод байсан Саппорогийн аюулгүйн тойргийг дөрвөн замын уулзвар болгон шинэчилж, өчигдөр албан ёсоор ашиглалтад орлоо. Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Эдийн засаг хөгжлийн сайд Н.Батбаяр, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Ерөнхийлагчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Д.Дэлгэрбат, Засаг дарга Д.Оросоо нар нээлтийн туузыг хүндэтгэлтэйгээр хайчилсан юм.
Энэхүү замын зураг төслийг “Танил санаа” ХХК хийсэн бол зам засварын ажлыг “Наранбулаг Хан” ХХК гүйцэтгэжээ. “Гудамж” төслийн хүрээнд нийт 33 уулзвар шинэчлэгдэх бөгөөд үүний 16 нь Баянгол дүүрэгт хийгдэнэ. Наадмаас өмнө энэ төслийн хүрээнд дахин 10 шинэ уулзвар ашиглалтад орох бөгөөд гурав дахь том бүтээн байгуулалт нь Төмөр замын дээд сургуулийн өмнөх уулзвар байх ажээ.