Баянгол дүүргийн ЗДТГ-аас санаачлан өнгөрсөн бямба гарагт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийг дүүргийн иргэдтэйгээ уулзах уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтад ...ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, НИТХ-ын дарга Д.Баттулга, Баянгол дүүргээс НИТХ-д сонгогдсон төлөөлөгчид, мөн дүүргийн ИТХ-ын дарга Д.Дэлгэрбат, Засаг дарга Д.Оросоо нар оролцож иргэдийн санал асуултад хариулт өгсөн юм. Мөн уулзалтад нийт 900 гаруй иргэн, СӨХ-ны дарга нар оролцож, тулгамдсан асуудлаа илэн далангүй ярьсан бөгөөд иргэдийн зүгээс орон сууцны байшингийн дээвэр засвартай холбоотой гомдол хамгийн их ирлээ.
Мөн энэ уулзалтыг тохиолдуулаад олон жилийн турш хуримтлагдаад буй дээвэр засварын ажлыг дэмжихээр
иргэдийн дундаас “Дээврээ аваръя” хөдөлгөөнийг өрнүүлсэн байлаа. Хотын захирагч Э.Бат-Үүл ч уулзалтыг үр дүнтэй болгож, асуудлыг газар дээр нь шийдсэн бөгөөд ажлын хэсгийн судалгаагаар тогтоогдож, Мэргэжлийн хяналтын дүгнэлт гарсан дээврийн засвар зайлшгүй хийх шаардлагатай Баянгол дүүргийн 75 байрны 3.5 тэрбум төгрөгийг ойрын үед шийдвэрлэхээр энэ үеэр тогтлоо.
Баянгол дүүрэг нийтдээ 192 мянган хүн амтай бөгөөд 48596 өрхтэй. Нийт өрхийн 75 хувь нь орон сууцанд амьдардаг ба дүүргийн хэмжээнд нийтдээ 561 орон сууцны байшин бий. Ихэнхи орон сууцны байшин нь 1948-1969 онд, мөн 1970-2007 онуудад ашиглталтад оржээ. Олон жилийн настай эдгээр байшингууд дулааны алдагдал ихтэй, өнгө үзэмж нь хуучирсан, дээвэр нь муудсан хэмээн иргэдээс гомдол их ирдэг бол энэ бэрхшээл тун удахгүй шийдэгдэж дахин 75 байрны дээврийг шинэчлэн засварлахаар боллоо.